Шанхай хотын бүх цэцэрлэг, сургуулиуд 9-р сарын 1-нээс ажиллаж эхэлнэ

Twitter Print
2022 оны 08-р сар 19-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын эдийн засгийн төв гэгддэг Шанхай хотод коронавирусын цар тахалтай холбоотойгоор олон сарын турш үүдээ барьсан цэцэрлэг, бага болон дунд сургуулиуд бүгд 9-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа сэргээхээр болжээ.

Шанхай хотын Боловсролын хорооноос мэдээлснээр бүх багш нар болон сурагчид өдөр болгон хичээл тарсны дараа сургууль цэцэрлэгийн байрнаас гарахаасаа өмнө коронавирусын шинжилгээнд хамрагдах ёстой аж.

Түүнчлэн бүх багш, сурагчдад 9-р сарын 1 болохоос 14 хоногийн өмнөөс хотоос гаралгүй, халдвар хамгааллын дэглэм барихыг зөвлөжээ.

Шанхай хотын удирдлагууд коронавирусын цар тахалтай холбоотойгоор бүх цэцэрлэг, сургуулиудыг 3-р сарын дундаас хаасан ба коронавирусын тархалт нэмэгдсэнээс болж Шанхай хотын иргэд хоёр сарын турш хөл хорионд байсан билээ.

Өнгөрсөн 6-р сард Шанхайн эрх баригчид ахлах болон дунд сургуулийн зарим сурагчдыг танхимаар хичээллэхийг зөвшөөрсөн ба үлдсэн хүүхдүүд нь гэр гэртээ цахимаар хичээллэж байсан юм.

Танхимын сургалт эхэлж байгаа мэдээг Шанхайн оршин суугчид баяртай хүлээн авсан ч эрх баригчид цар тахалтай тэмцэх бодлогын дагуу дахин хөл хорио тогтоож болзошгүй гэж эмээж байгаа аж.

Хятадын хамгийн их хүн амтай Шанхай хотод өнгөрсөн бямба гарагт коронавирусын халдварын шинж тэмдэггүй 5 тохиолдол бүртгэгджээ.

Шанхай хотын удирдлагууд иргэдэд долоо хоног тутам коронавирусын шинжилгээнд хамрагдах шаардлага тавьж байгаа ба 9-р сарыг дуустал иргэдээс коронавирусын шинжилгээг үнэгүй авна гэжээ.

Хятадын өмнөд зүгийн Хайнань арал дээр коронавирусын хамгийн их тохиолдол бүртгэгдэж байгаа ба өнгөрсөн бямба гарагт Хайнань арал дээр коронавирусын халдварын шинж тэмдэг бүхий 494 тохиолдол, шинж тэмдэггүй 846 тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.