Харах мэдрэмжээ буруу, хэтрүүлэн ашиглах нь эрүүл мэнд болон амьдралын хандлагад хортой

Twitter Print
2023 оны 01-р сар 27-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Нүднийхээ эрүүл мэндэд анхаарахгүй бол утас, компьютерийн хэрэглээнээс болоод дээр нь ер нь сүүлийн үед удаан хугацааны нойрны асуудалтай холбоотой нүд маш амархан ядардаг болжээ.

Гаднаас орж ирж байгаа мэдээллийн 90 хувь нь нүдээр орж ирдэг гэж үздэг. Нүд өөрөө галын эрхтэн өөрөөр хэлбэл шар махбод гэсэн үг. Хүний биед 5 төрлийн гал байдгийн нэг нь нүдний гал. Нүдний үйл ажиллагаа сайн, нүдний гал сайн байх нь цаагуураа тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Мэдээж нүд бол бидний 5 мэдрэхүйн нэг болох харах мэдрэхүй. Тиймээс нүдээ сайн арчлах нь зөвхөн нүдний эрүүл мэндээс гадна 5 мэдрэхүйн үйл ажиллагаар дамжин дархлаа тэтгэгдэх нэг арга юм.

Нүдээр хүний бие эрхтэнийг шинжиж болдог, "нүд бол хүний биеийн толь" гэж ярьдаг нь ч учиртай юм билээ. Нүд хамгийн жижигхэн хялгасан судсуудтай учраас хүний бие өвдөж, хүндрэхэд эмч нар нүдний уг дурандуул гэж хэлдэг. Хялгасан судсуудын үйл ажиллагаа ямар явагдаж байна гэдгийг нүдний угаар хардаг. Энэ их чухал гэж хичээл дээр тайлбарлаж байсан.

Нүд их халуун байдаг эрхтэн тул халууцуулаад байж болохгүй гэдэг. Сэрүүхэн байлгахад дуртай. Гэхдээ хэт халуун, хэт хүйтэн зэргээс болгоомжлохыг зөвлөдөг.

Харин Аюурведын анагаах ухаанд суралцсанаар нүдээ угаах тухай багшаасаа анх мэдэж авч байсан юм. Өглөөд хүйтэн усаар угаавал сайн гэдэг. Хүйтэн сүүгээр бас угааж болно. Мөн гашуун амттай ургамалын хандаар угааж болдог. Үүнд Аюурведийн трифала гэх ургамал ордог энэ нь манай Монголоор 3 үрийн тан гэж багш маань тайлбарлаж байсан.

Нүдийг мөн хий, шар, бадгана махбодоор нь таньж мэдэж болно. Нүд их хуурайших, аргах, гадаа гарахаар хорсож нулимс гардаг бол хийн шинж, нүдэнд нулимс гүйлэгнэх, нуухтах, бүрэлзэх шинж тэмдгүүд бадганы шинж тэмдэг. Нүд улайгаад байвал шарын шинж гэж үздэг.

Нүдээ угаахдаа алганы хонхорт угаах шингэн (хүйтэн ус, хүйтэн сүү, тантай ус зэрэг) хийгээд нүдээ дүрж 25-30 удаа анивчиж угаана. Бага насны хүүхдүүд төдий л угааж чаддаггүй харин өсвөр насны хүүхдүүддээ заагаад өгвөл их хэрэгтэй. Эхлээд угаахад нүд хорсох магадлалтай (ихэнхи хүнд). Мөн эхийн сүүг дусааж цэвэрлэж болохыг Аюурведийн анагаах ухаанд ч зөвлөдөг юм байна лээ.

Миний хувьд хааяа нэг алганы хонхорхойд хүйтэн ус хийж угаадаг байсан бол саяхан зориулалтын нүд угаах аяга, шингэн олж авсан. Их эвтэйхэн санагдлаа. Илүү амар юм байна.

Хүүхдүүдийн хувьд зурагт үзэх, удаан сууж зураг зурах, хичээл хийсний дараа заавал нүдний дасгал хийлгэж нүдийг амраах шаардлагатай юм байна лээ. Энэ нь мөн тархинд нөлөөлж тархи мэдрэлийн систем давхар амрах юм. Нүдээ цагийн зүүний дагуу болон эсрэгээр тойруулж хөдөлгөх, цонхоор алсын бараа ширтүүлэх, хэсэг хугацаанд аньж нээх дасгал хийх нь нүдэнд тун сайн.

Нүдний галыг сэргээх хамгийн зөв арга бол гал харуулах явдал юм. Өглөөд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгтээ явхад нь лааны дөл харуулах, болж өгвөл шүдэнз зурж дүрэлзэх гал харуулах нь нүдний галыг сэргээж өгдөг ач холбогдолтой.

Бид 5 махбодийн хүрээлэл дунд амьдардаг бөгөөд биднийг тэтгэдэг бас нэг гал бол гал голомтоо ариулах үйл билээ.

Харах мэдрэмжээ буруу ашиглах, хэтрүүлэн ашиглах нь бидний эрүүл мэндэд хортой төдийгүй амьдралд хандах хандлагад хүртэл нөлөөлдөг гэж үздэг. Тиймээс хүүхдүүддээ харуулах, үлгэрлэх зүйлс маш чухал байдаг. Дээр хэлсэнчлэн орж ирж буй мэдээллийн 90 хувь нүдээр дамждаг өөрөөр хэлбэл хэлээд хэлээд нэмэргүй харин үлгэрлэж харуулсан зүйлийг хүүхэд маш хурдан сурдаг нь ийм учиртай.

Харах мэдэрхүйгээ амраах хамгийн сайн арга бол гал харуулах, байгалийн сайхныг харуулах, сайн сайхан зүйлсийг харуулах, нүдийг амраах, цэвэрлэх зэрэг орно.

Хүүхдийн ертөнц цэвэр ариухан байдаг учираас хүүхдийн нүд тийм сайхан, гэрэлтсэн харцтай байдаг байх нь.

Зөндөө их зүйл нуршчихлаа, уучлаарай. За тэгээд гол бичих гэсэн зүйл маань нүдээ угаагаад үзээрэй. Эхэндээ жоохон хорсох, эвгүй мэдрэмж байж магадгүй. Хүн бүр өөр өөр мэдрэх байх. Миний хувьд анхнаасаа угаахад хорсоогүй, таатай байсан. Нэг угаахдаа нэг нүдээ 50 хүртэл анивчиж угаадаг. Угаагаад байхаар нүд амрахаас гадна, нүдний тунгалаг, гэрэлтсэн чанар нэмэгддэг нь анзаарагдсан. Бас бүрэлзэх байдал арилдаг. Нүд их ядарсан үед ногоон цай хандлаад хөргөгчинд жоохон хөргөж байгаад хөвөнд эсвэл даавуунд шингээгээд унтахын өмнө нүдэндээ 10 орчим минут тавьхад нүд маш сайхан тайвширч амардаг. Мөн бага охин маань харшил нь хөдлөөд нүд нь улайж загтнах үед хүйтэн жин тавихаар маш сайн тайвширч нүдний загтнаа болон улаан нь арилсан. Дахиж нүд нь улайж, загтнаагүй.

Нарангэрэл Туяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.