Дэлхийн эдийн засгийн зарим үзүүлэлт өнгөрсөн сард

Twitter Print
2014 оны 06-р сар 05-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн сарын сүүл гэхэд ямар байв. Америк, Европ, Азийн эдийн засгийн индексийн гол үзүүлэлтийг зах зухаас нь илтгэх баримт мэдээллүүдийг хүргэе.

  • АНУ-ын эдийн засгийн өсөлт эхний улиралд нэг хувиар буурч, ДНБ ердөө 0.1 хувиар өсчээ. Энэ нь 2011 оны эхний улирлаас хойших хамгийн доогуур үзүүлэлт болж байна. Өнгөрсөн оны сүүлийн улиралд тус улсын эдийн засаг 2.6 хувиар өсч байсан билээ. 

  • Японы инфляци өнгөрсөн 23 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ. Худалдааны салбар дахь Татварын өсөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 3.2 хувиар өсч, инфляци 1.7 хувьд хүрээд байна. Төв банк инфляцийг хоёр хувьд барина гэсэн амлалт өгөөд байгаа аж. 

  • БНХАУ жилийн эцэс гэхэд агаарын чанарын үзүүлэлтийг сайжруулах үүднээс их хэмжээний агаарын бохирдол үүсгэж буй зургаан сая машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргахаар төлөвлөж байна. Зөвхөн нийслэл Бээжин хотод гэхэд 300,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох эрхгүй болох аж.

  • Дэлхийн банк Украин улсад 750 сая ам.доллар зээлхээр болсныг Украины Сангийн яам мэдээллээ. Тус мөнгийг хямралыг даван туулах стратеги болон бүтцийн шинэчлэл хийх, эдийн засаг санхүүгийн орчныг тогтворжуулахад ашиглах аж. 

  • Украин ОХУ-аас байгалийн хий худалдаж авсныхаа төлөө энэ оны зургадугаар сарын 7 гэхэд 5.2 тэрбум ам.долларын өртэй болохоор байна. Украйн одоо Газфром компанид 3.5 тэрбум ам.долларын өртэй байгаа бөгөөд энэ сарын хоёрдугаар хагас гэхэд  урьдчилсан төлбөрөө хийхгүй аваас байгалийн хийн нийлүүлэлтээ зогсооно мэдэгдээд байна. 

  • Санкт-Петербургт гурван өдөр болж өнгөрсөн Олон улсын эдийн засгийн форумын үеэр нийт  12.9 тэрбум ам.долларын гэрээнүүд зурагджээ. Тус чуулганд АНУ-ын 20 компани ирэхээс татгалзаж, оролцох хүсэлтээ цуцалсан билээ. 

  • Орос улсад газрын тосны нөөц ирэх 30 жилд жил бүр 600 сая тонныг олборлоход хангалттай гэж тус улсын Ашигт малтмалын Сайд Сергей Донской хэллээ. Тус улсын батлагдсан газрын тосны нөөц нь 12.5 тэрбум бол албан бус тоогоор 50 тэрбум тоннын нөөцтэй гэгддэг. 

  • Азийн хувьцаануудын ханш өсөхөд бүс нутгийн индексүүд сүүлийн зургаан сарын дээд түвшиндээ хүрсэн нь нөлөөллөө. Ихэнх үйлдвэрлэлд ашиглагддаг металын ханш өөдрөгөөр төсөөлөгдөж байгаа бөгөөд мөн Австралийн доллар ам.долларын эсрэг чангарсан байна. Токиогийн бирж дээр MSCI Азийн индекс 0.3 хувь өссөн бол Японы Topix индексийн хэмжээ 4-р сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрч 0.6 хувь өсчээ. Standard&Poors 500 индекс өнгөрсөн долоо хоногоос 0.3 хувь өссөн байна. 

  • Зэсийн ханш Лондонгийн бирж дээр 11 долоо хоногийн хамгийн өндөр түвшиндээ хүрч 0.5 хувь өссөн үзүүлэлтийг энэ долоо хоногт  үзүүллээ. Хятадын хувьд эрэлт буурах төлөвтэй байгаа ч дотоодын зэсийн хэрэглээний 30 хувийг бүрдүүлдэг барилгын салбарын тэлэлт эрэлтийг дэмжиж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Гэхдээ энэ нь харьцангуй богино хугацаанд буюу ирэх 2-3 жилд Хятадын зэсийн хэрэглээг нэмэгдүүлж магадгүй байгаа аж. Үүнээс гадна зэсийн одоогийн ханшийн түвшин зарим төлөвлөсөн төслийн хугацааг хойшлуулах шалтгаан болж болзошгүй байна. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.