Эквадорын шинэ Ерөнхийлөгч 100 өдөрт 9 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 02-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Эквадорын Ерөнхийлөгчийн албан тушаалд өнгөрсөн сарын 24-нд томилогдсон Гильермо Лассо коронавирусын цар тахлын улмаас хямарсан улсынхаа эдийн засгийг сэргээх бодлогоо танилцуулсан ба тус бодлогын хүрээнд Эквадор улс 100 өдөрт 9 сая хүнийг коронавирусын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч Гильермо Лассогийн хэлснээр дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Эквадор улс гадаадын улс орнуудаас коронавирусын эсрэг вакцин нийлүүлэх шаардлагатай байгаа ба ОХУ-аас 18 сая Спутник-Ви вакцин худалдан авах талаар хэлэлцэж байгаа аж.

Эквадорт коронавирусын эсрэг дархлаажуулах ажил энэ оны 1-р сараас эхэлсэн ч дархлаажуулах ажил удааширчээ. Эквадорчууд үүнд вакцины нийлүүлэлт удааширсан явдал мөн коронавирусын эсрэг вакциныг эрх баригчид зөвхөн гэр бүл ойр дотныхон болон танил талууддаа тарьж байсан, Эрүүл мэндийн салбарын удирдлагууд байн байн солигдож байсантай холбон тайлбарлаж байна.

Гильермо Лассо нь Эквадорын Ерөнхийлөгчөөр томилогдсон даруйдаа НҮБ-аас КОВАКС хөтөлбөрийн дагуу хөгжиж буй орнуудыг коронавирусын эсрэг вакцинаар хангах ажлыг эрчимжүүлэхийг хүсчээ.

Эквадорын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар тус улс коронавирусын эсрэг вакцины 3.5 сая тунг хүлээн авсан ба үүнд Pfizer, Sinovac болон AstraZeneca компаниудын вакцин багтжээ.

Эрх баригчид өнгөрсөн 4-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр санал хураах байраар ашигласан 300 гаруй байруудыг коронавирусын эсрэг дархлаажуулах цэг болгон ашиглах ба засгийн газраас Амазоны бүс нутагт амьдарч буй уугуул иргэдийг вакцинд хамруулах зорилгоор дархлаажуулалтын явуулын цэгүүдийг байгуулахаар төлөвлөжээ.

17.5 сая хүн амтай Эквадорт өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын 427 690 тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын улмаас 20 620 хүн нас барчээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-health-coronavirus-ecuador/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.