Ээжийн үүрэг

Twitter Print
2020 оны 06-р сар 01-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

«Амжилттай яваа эр хүний ард эгэл бус эмэгтэй хүн байдаг.» хэмээх үг байдгийг та бүхэн дуулсан буй за. Түүнчлэн олонх суут хүмүүс дэлхийн дайдад нэр алдраа дуурсгахад ээжийн үүрэг маш чухал байсан тухай жишээ маш олон байдагийг та мэдэх үү?

Хятадын эртний агуу сэтгэгч Мэнзы бага балчир байхад тэдний гэр оршуулгын газрын ойролцоо амьдардаг байжээ. Ээж нь нэг удаа гараад хартал хүү нь оршуулгын ёслолыг үйлдэн тоглож байхыг хараад тэнд удаан амьдран суух газар биш байна гэж ойлгоод нүүдэл суудал хийж бараан захыг бараадан амьдрах болсон аж. Тэгээд хэд хоногийн дараа хүүгээ юу хийж байгааг ажиглатал панз наймаачны дүрд хувилан тоглож байна гэнэ. Ээж нь сайтар ултай бодсоны эцэст сургууль соёлын газар бараадан амьдрах болсноор хүүгээ ном эрдмийн зам өөд тууштай хөтлөж чадсан гэдэг. Эндээс бодож үзэхэд бага насны хүүхдийн хүмүүжилд эцэг эх, гэр орны нөлөө маш чухал байдгаас гадна «Орчин хүнийг буй болгомуй» хэмээх гүн нарийн ёсон ч том үүрэгтэйг та бүхэн ойлгосон байх аа.

Эзэн Богд маань «Хаадын хаан» хэмээх хүсэлтэй бүхэн хүрдэггүй хүчтэй болгон очдоггүй өндөр сэнтийд залрахад Өүлэн эхийн сурган хүмүүжүүлэх суут ухаан ямар их нөлөөтэй байсан бол? Тэмүжин Хасар хоёр эцэг нэгтэй дүү Бэгтэрийг хавчаахай нумаараа харваад алчихсаныг олж мэдээд «Ижлээ идэгсэд ханиа хазагсад» хэмээн бүдүүн бургасны мөчрөөр хуга хуга нэвширтэл занчиж байсан нь шудрага журам, эв нэгдэл гээч эрхэм дээд зүйл болохыг ах дүү хоёрын ой тойнд ортол ойлгуулсан байж таарна. Хожим хамаг Монголын хаан болчихсон Чингис хаан бусдын явуургүй хов үгэнд итгэн хайрт дүү Хасрыгаа занчиж байгаа тухай дуулаад Өүлэн эх яаравчлан ирэхийг харсан Чингис хаан тэртээ холоос өвдөг бохирон сөгдөөд «Ээж минь! Би таныхаа сүр барааг хараад айхын дээдээр аюуж ичихийн ихээр ичивэй.» хэмээж байсан нь эх хүний сүр хүчний тунхаглал гэлтэй.

Технологийн эрин үеийг түүчээлэгч хамгийн агуу шинийг санаачлагч Томас Эдисон нэг өдөр сургуулийн захиргаанаас ирүүлсэн захиаг ээждээ авчирч өгчээ. Ээж нь захиаг задлан харснаа нүдэндээ нулимс цийлгэнүүлэн: «Танай хүү хорвоод хосгүй суутан болох авьяас билигтэй юм шүү. Даанч манай сургууль дэндүү жижиг болохоор танай хүү шиг хүнд заачих эрдэм чадалтай багш хомс байгаа аргагүй учрыг болгоох буй за! Тийм болохоор ийм агуу хүүг төрүүлсэн ачит ээж та өөрөө заагаад үзсэн нь дээр болов уу хэмээн зөвлөж байна.» хэмээн уншсан гэдэг.

Олон жилийн дараа Томас Эдисон хол ойрд нэрээ дуурсгасан алдартай зохион бүтээгч болж чадсан юм. Харин тэр үед хамгаас хайртай ээж нь орчлонгийн жамаар аль хэдийн энхжингийн орноо залраад байжээ. Нэгэн удаа Эдисон ээжээсээ үлдэж хоцорсон бичиг захиаг онгичиж байтал бага сургуулийн захирлаас ээжид нь хаягласан албан бичиг байхыг олж харав. Тэгээд түүнийг нээгээд үзтэл: «Танай хүү оюуны хомсдолтой болох нь нэгэнт тодорхой болсон тул бусад хүүхдүүдтэй сурах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Тийм болохоор та бүхэн түүнд гэрээрээ зааж сургавал дээр байж мэдэх юм.» гэсэн цөөн хэдхэн хөндий хүйтэн үгс байсан аж.

Эдисон тэрхүү захиаг элгэндээ тас тэврээд удтал мэгшин уйлсаны эцэст жаахан тайвшираад өдрийн тэмдэглэлээ авч: «Орой төрж дорой өссөн Томас Эдисон би бээр оюуны хомсдолтой байсан гэдэг бараг үнэн байх аа. Гэхдээ надад агуу ээж маань заяасны хүчинд өдий зэрэгт хүрсэн юм шүү.» хэмээн омог бардам бичсэн гэдэг.

Хүүхдийн хүмүүжил төлөвшилд эх хүний үүрэг ямар чухал болохыг энэ жижиг бичлэг дээр цухас тоочин өгүүлэв. «Нэг сайн эцэг хэмээгч зуун сайн багшаас илүү» хэмээх Англи ардын зүйр үг ч бас бий. Агуу суутны дунд нэр алдар нь зэрэгцэн жагсаагүй хэдий ч амьдралын намуухан урсгал дунд чимээгүйхэн урсаж байгаа олон олон эцэг эхийн сэтгэлийн агаарт үр хүүхэд нь бүгд л хамгаас хөөрхөн, хамгаас сайхан, хамгийн агуу санагддаг нь орчлонгийн жам буюу.

Д.Болдбаатар 

"Гэгээ" боловсролын төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.6) 2014-06-08 15:54
      • 0
      • 0

      Харин л дээ, хоо.

      Хариулах

    • Зочин

      (76.121.211.135) 2014-06-06 00:19
      • 0
      • 1

      Sanaatai l hereg bn daa zoriud zuragnii nuh bolon busad bichigiig n iluu tod ballalsan bn. Ene yamar neg zurchil uu nuuh gesen bish uu haytaduud bol yachij chadah harhnuud

      Хариулах