
"Тетрис" гэдэг зугаатай тоглоомын мэдэхгүй хүн бараг үгүй биз. Харин энэ жил уг тоглоомыг анх зохион бүтээж олон нийтэд танилцуулсаны 31 жилийн тэмдэглэлт ой тохиож байгаа аж. Гэвч уг зугаатай тоглоомыг оросууд зохиосон гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй байх.
"1980-аад оны эхэн үед би ЗХУ-ын шинжлэх ухааны Академийн компьютерийн лабораторид ажиллаж байхдаа зохиомол оюун ухааны чиглэлээр судалгаа явуулж байсан юм. Тэр үеэс л компьютерийн тоглоом зохиож эхэлсэн” хэмээн "Тетрис"-ыг зохиосон программч Алексей Пажитнов өнөөдөр дурсаж байна.
Пажитнов хар багын л оюун ухаан сорьсон эвлүүлдэг тоглоом сонирхож ирсэн бөгөөд пентаминог гойд сонирхдог байсан аж. "Харин 1984 онд пентамино компьютерийн тоглоомын үндэс болж болохыг гэнэт ойлгосон. Ердөө 12 хэлбэр дүрстэй биетүүдийг эргэлдүүлж унагаж тоглох тоглоом зохион бүтээхэд надад маш төвөгтэй хэцүү мэт эхлээд санагдаж байлаа. Тиймээс би эхлээд долоон биеттэй тетрамино тоглоом бий болгосон. Үүний дээр тухайн үед миний "Тетрис" тоглоомын программ бичиж байсан оросын "Электроника-60" компьютер шаардлагатай түвшний график хөгжүүлэх боломжгүй байсан бөгөөд зөвхөн текст өгөгдөл харуулах чадвартай байсан учраас би тоглоомын биетүүдийг үсгээр дүрсэлж эхэлсэн юм" гэж тэрээр дурсаж байна.
Гэхдээ "Тетрис" тоглоомыг зохион бүтээхэд түүнд ердөө гурван долоо хоног шаардагдсан байна. "Би тоглоомынхоо программд уялдах холбоосуудыг хийж байгаа мэт дүр үзүүлж байгаад харин цаанаа бол тоглоомоосоо салахын аргагүй хорхоосон тоглож байсан юм. Анх энэ тоглоомын амтанд орсон бусад хүмүүсийн л нэг адил" хэмээн дурсаж байсан Пажитнов харин тоглоомынхоо эрхийг гадаадын компаниудад худалдаагүй бөгөөд тухайн үеийн Зөвлөлтийн хаалттай нийгмийн үед элдэв хэл ам, хэрэг явдал буруугаар эргэх асуудлаас болгоомжилж байжээ. Гэхдээ тэрээр нэг хувийг Унгарт авч очсон гэдэг. Түүнээс хойш барууныхан хулгайн тоглоомууд зарж борлуулах болсон байна. Энэ цаг үеэс хойш удалгүй Орост өөрчлөн байгуулалт эхэлж Пажитнов өөрийн тоглоомын эрхээ засгийн газартаа 10 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр шилжүүлэн өгчээ.
Түүний тоглоомондоо оруулсан "Коробейники" дууг Америкийн Spectrum HoloByte компани эзэмших эрхийг нь худалдан авч, мөн Чайковскийн "Щелкунчик" бүжгийн жүжгийн дууг нь Nintendo компани авсан байдаг. "Гэвч бүх дэлхийн хүүхдүүд эдгээр хөгжмийг сонсонгуутаа "Тетрис! Тетрис!" гэж хүлээж авдаг учир надад их хэцүү байдаг. Учир нь Оросын соёлын онцгой илэрхийлэл болсон эдгээр хөгжим зөвхөн тоглоомын аялгуу хөгжим биш юм шүү дээ" хэмээн Пажитнов сэтгэл эмзэглэдэг аж.
Өөрчлөн байгуулалтын дараа үеэс энэ хүний амьдрал ахуйд мөн олон сонирхолтой өөрчлөлт гарсан байдаг. "Би эхлээд тийм их мөнгө авч байгаагүй, зүгээр хүмүүст миний тоглоом таалагдаж байгаад сэтгэл хангалуун байдаг байлаа. "Тетрис" тоглоом цаг хугацааны хувьд харьцангуй эрт гарсан болохоор компьютерээс халгаж, ажиллуулж чадахгүй гэж сүрддэг байсан олон хүнийг татах нэгэн хүчин зүйл болсон юм. Мэдээж тоглоход тун амар, өнгө үзэмжтэй тоглоом хүнийг эрхгүй татах нь лав" хэмээн тетрис тоглоомын нэгэн зохион бүтээгч Хоуд өгүүлсэн байдаг.
Харин Японы зах зээлд зориулсан видео тоглоомын эрхийг тухайн үед хулдалдан аваад байсан америкийн бизнесмэн Хэнк Рожерс: "Тетрис" тоглоомыг анх 1988 оны нэгдүгээр сард Лас-Вегас хотод зохион байгуулсан хэрэглээний цахилгаан хэрэгсэлийн үзэсгэлэн дээр харж байсан юм. Энэ өвөрмөц сонирхолтой тоглоомонд би шууд л автаж байсан" гэж анхны бизнесийн гарааныхаа тухай дурсан ярьж байсан байна. Тэрээр Spectrum HoloByte компаниас "Тетрис" тоглоомын эрх, зохицох төхөөрмжүүдийн эрхийг шууд худалдан авсан боловч тус компанийн толгой Mirrorsoft компани эрхийг аль хэдийнэ өөр газар худалдсан байжээ.
Тиймээс "Тетрис" тоглоомыг Game Boy-д тоглуулах эрх олж авахын тулд Рожерс Москвад очиж тоглоомын эрхийг албан ёсоор эзэмшиж байсан "Электроноргтехника" компанитай шууд яира хэлэлцээ явуулсан байна.
"Энэ компанийн захирал Беликов харин надад тоглоомын эрхийг хэнд ч худалдаагүй байгаа гэсэн учир би нүдэндээ итгээгүй, бүр энэ тоглоомыг суурилуулах 200 мянган гар Японд захиалж, нэг бүрийг нь 10 доллароор үнэлж банкны барьцаанд нь бүх эд хөрөнгө, эхнэрийнхээ эцэг эхийн байшин барилгыг тавиад байсан болохоор амиа хорлох ч багадмаар болж сандарсан" бизнесмэний зовлонг харин ойлгосон Зөвлөлтийн тал тоглоомын эрхийг түүнд шилжүүлж өгчээ.
“The Guardian” сонинд тэмдэглэснээр хувь тавилангийн энэ эргүүлгээс азтай гарсандаа сэтгэл тэнүүн байгаа Рожерс: "Тетрис" Game Boy-г бүтээн бий болгосон бол, Game Boy хариуд нь "Тетрис"-ийг бий болгосон юм. Хаа ч аваад явсан авсаархан энэ тоглоомын гар тухайн үедээ хамгийн моодны байсан, харин одоо гар утсан дээр илүү их өргөн хүрээтэй тархаж байна" хэмээн өгүүлжээ.
http://www.freetetris.org/game.php

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505