ЭЕШ-ын дүн оноог хэрхэн дүгнэдэг вэ

Twitter Print
2020 оны 07-р сар 07-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

2006 оноос хойш БҮТ нь улсын хэмжээнд нэгдсэн байдлаар ЭЕШ-ыг зохион явуулж байгаа бөгөөд шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.

Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм. Хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.

Проценталь оноо нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм. Амжилтын чанарын индекс нь хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч А, -А, В, -В, С, -С, D, -D, F гэсэн 9 интервалаар хэмжинэ. Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой. Тиймээс шалгуулагчдыг нэгдсэн журмаар харандаагаар хангаж байгаа.

Дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс тусгай цахим хаягаар ”LIVE”-аар мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна. Шалгалтын явц, зохион байгуулалттай холбоотой өргөдлийг шалгалтын төвд ажилласан комисс тухай бүрд нь шийдвэрлэнэ.

БҮТ-ийн албан ёсны мэдээллийн сувгууд “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайт, http://help.eec.mn/ цахим зөвлөх, https://www.facebook.com/eec.mn/ page хуудас, лавлах утас 70119498. 75779498

Багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эх, шалгуулагчид та бүхэн ЭЕШ-ын дүгнэх аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү. http://eec.mn/article284

Эх сурвалж: БҮТ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.