ДЭМБ: Коронавирус лабораториос алдагдсан байх боломж тун бага

Twitter Print
2021 оны 02-р сар 10-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-ын мэргэжилтнүүд КОВИД-19 өвчнийг үүсгэгч коронавирус нь лабораториос гаралтай байх боломжгүй хэмээн үзэж байгаа тухай ДЭМБ-ын Зоонозын өвчин, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Петер Бен Эмбарек мэдэгджээ.

Тэрээр, "Коронавирус лабораториос алдагдсан гэдэг нь боломжгүй. Энийг цааш судлах шаардлага байхгүй." хэмээн БНХАУ-д хийсэн судалгааныхаа үр дүнг үндэслэн мэдэгдсэн байна. Коронавирус нь Хятадын Ухань хотын ойролцоо байрлах лабораториос алдагдсан байх боломжтой талаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео нар дурдаж байсан билээ.

Доналд Трамп коронавирус нь Хятадын эрдэмтдийн хариуцлагагүй байдлаас болж алдагдсан хэмээн Хятадын талыг буруутгаж байсан билээ. Хятадын талаас эдгээр мэдэгдлийг үгүйсгэсэн юм. Өнгөрсөн мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Петер Бен Эмбарек КОВИД-19 өвчний үүсгэгч коронавирусын эх үүсвэр нь олон тооны судалгаа шинжилгээний үр дүнд анх сарьсан багваахайнаас үүсэлтэй нь тогтоогдсон болохыг онцолжээ. Харин Ухань хотод халдвар иргэдэд өөр замаар тархжээ. Ухань хотын бүс нутагт коронавирусыг тээгч сарьсан багваахайны төрөл зүйл байхгүй нь тогтоогдсон ба коронавирус мутацид орон, өөр амьтнаар дамжин хүнд дамжсан байж болзошгүй аж. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар коронавирус нь Ухань хотын загасны зах дээр зарж байсан бүтээгдэхүүнээс дамжсан байх магадлал ч бий аж.

Үүнтэй холбоотойгоор тус захын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, гарал үүслийг шалгах гэнэ. Түүнчлэн ДЭМБ-ын мэргэжилтнүүд нь Уханьд үйл ажиллагаа явуулдаг зах худалдааны төвүүд, эмнэлгүүд болон мал эмнэлэг, Уханий вирус судлалын институтийн орчин нөхцөлтэй танилцжээ.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.