
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ лхагва гарагт АНУ-д айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөжээ.
В. Зеленскийн хувьд энэ нь ОХУ Украин руу довтолсноос хойш хийж буй гадаадын анхны айлчлал юм. Вашингтонд айлчлах үеэрээ Ерөнхийлөгч В. Зеленский Америкийн Конгресси үг хэлж магадгүй хэмээн Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичжээ.
Өнгөрсөн мягмар гарагт Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси "ардчилалтай холбоотой онцгой шалтгаан" байгаа учраас лхагва гарагийн орой болох Конгрессийн хуралд заавал суухыг шаардсан захидал бичиж илгээсэн аж.
В. Зеленскийн хувьд сүүлийн хэдэн саруудад гадаадын улс орнуудын төрийн тэргүүнүүд, дэлхийн алдартай одуудыг эх орондоо хүлээн авч, Киев дэх оффисоосоо улс орны тэргүүнүүдтэй тогтмол утсаар болон цахимаар холбогддог билээ.
В. Зеленскийн АНУ-д хийх айлчлал нь хоёр улсын харилцаа чухал ач холбогдолтойг харуулж байгааг ажиглавгчид онцолж байна.
ОХУ Украин руу довтолсноос хойш Вашингтон Украины армид тасралтгүй зэр зэвсгийн тусламж үзүүлж байгаа ба 11-р сарын 20-ны байдлаар Украинд нийт 18.5 тэрбум ам. долларын зэр зэвсэг нийлүүлээд байна.
Нөгөө талаас Ерөнхийлөгч В. Зеленский Украины армид нэмж санхүүжилт хэрэгтэй байгааг, Украины зэвсэгт хүчин сардаа 5 тэрбум ам. доллар зарцуулж байгаа гэдгийг тус тус онцолсон билээ.
Вашингтоны хувьд Украинд Patriot пуужингийн систем илгээх асуудлыг хэлэлцэж байгаа ба тус пуужингн систем нь Киевт дэд бүтцийн чухал объектуудаа хамгаалахад туслах аж.
ОХУ-ын хувьд Украины эрчим хүчний дэд бүтцэд голлон цохилт өгч байгаа ба үүнээс болж Украины олон сая иргэд цахилгаан эрчим хүч, ус, халаалтгүй өвөлжиж байна.
Ерөнхийлөгч В. Зеленский өнгөрсөн мягмар гарагт олон сарын турш дайны фронтын гол бүс болоод буй Бахмут хотод айлчилсан байна. Тэрээр цэргүүдтэй уулзаж, заримд нь цол шагнал гардуулжээ. Бахмутад алба хааж буй цэргүүд В. Зеленскийд өөрсдийн нэрсийг бичсэн Украины далбааг гардуулан, тус далбааг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Америкийн Конгресст дамжуулан өгөхийг хүсжээ. В. Зеленскийн Бахмутад хийсэн айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Украинд явуулж буй Оросын "цэргийн тусгай ажиллагаанд" үнэтэй хувь нэмэр оруулсан гэх албан тушаалтнуудад одон медаль гардуулжээ.
Өнгөрсөн 2-р сарын 24-нд ОХУ Украин руу довтолсноос хойш Оросын талаас 100 мянга гаруй цэрэг, Украины талаас 100 мянга орчим цэрэг, 40 мянга орчим энгийн иргэд амиа алдсан хэмээн Вашингтоны зүгээс мэдээлж байна. НҮБ-ын мэдээгээр Украинаас 7.8 сая хүн Европ болон ОХУ руу дүрвэжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.