
Европ даяар халуун өдрүүд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Францад олон нийтийг хамарсан гадаа болох арга хэмжээнүүдийг цуцалжээ.
Францын Бордо хотын ойролцоо байрлах Жиронда бүс нутагт баасан гараас хэт халалтын үзэгдэл дуусах хүртэл гадаа болох, мөн эйр кондишнгүй танхимд болох олон нийтийг хамарсан бүх арга хэмжээнүүдийг цуцалсан байна. Өнгөрсөн пүрэв гарагт Францын зарим бүс нутгуудад агаарын хэм Цельсийн 40 хэмд хүрчээ.
Эрдэмтэд хэт халалтын үзэгдлийн давтамж ойртож, илүү олон хоног үргэлжилж байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой хэмээн онцолж байна. Испани, Итали, Их Британид мөн хэт халалтын үзэгдэл үргэлжилсээр байна. Францын Дотоод хэргийн сайд ард иргэддээ анхаарал болгоомжтой байж, гадаа гарахаас зайлсхийхийг уриалжээ.
Парист агаарын хэм Цельсийн 39 хэмд хүрэх хүрэх төлөвтэй байгаа ба хуурайшилтаас болж ой хээрийн түймэр дэгдэх эрсдэл үүсээд байгаа аж. Дээр нь халуунаас болж иргэд эйр кондишн, сэнс ихээр ажиллуулж байгаагаас болж Франц улс хөрш улс орнуудаасаа эрчим хүч импортлож байгаа аж.
Испанид өнгөрсөн 5-р сараас хойш халуун цаг агаар зонхилж байгаа ба энэ амралтын өдрүүдээр агаарын хэм цельсийн 43 хэмд хүрэх төлөвтэй байна.
Испанийн Каталониад ой хээрийн түймрүүд дэгджээ. Итали даяар гол мөрнүүдийн төвшин буурч, тус улсын хамгийн том По мөрөнг зарим хэсгээрээ тасарч, ёроолд нь байсан живсэн усан онгоцнууд цухуйж эхэлсэн байна.
Английн өмнөд хэсэгт агаарын хэм цельсийн 33 хэмд хүрэх төлөвтэй байгаа ба Лондонд хэт халалтын 3-р төвшний онц байдал зарлажээ.
Хэт халалтын үзэгдэл зөвхөн Европын орнуудаар бүртгэгдээд зогссонгүй. АНУ-ын нийт хүн амын 1/3-д нь халуун цаг агаараас зайлсхийж гадагш гарахгүй байхыг анхааруулсан бол Энэтхэгт агаарын хэм сүүлийн 25 хоногт хамгийн багадаа 42 хэмд хүрчээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар агаарын хэм нэмэгдэх үзэгдэл бүртгэгдсээр байгаа билээ. Нүүрстөрөгчийн давхар исэл гэх мэт хүлэмжийн хий их хэмжээгээр агаарт ялгарсны улмаас агаарын хэм нэмэгдсээр байгааг эрдэмтэд онцолж, хүлэмжийн хийг багасгах арга хэмжээ шуурхай авахыг анхааруулсаар байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn