
Хэд хоногийн өмнө Сөүлээр дайран өнгөрч, АНУ -ыг зорих "Кorean air"-ийн КЕ 868 нислэгээр БНСУ-ыг зорив. Үйлчилгээ сайн тун тохьтой юм. Монголчууд олноороо явж байна.
Баруун хажуугийн миний өмнөх суудал дээр сууж явсан хоёр монгол залуугийн дуу чангаран, гэнэтхэн хэрэлдэж эхлэв. Нэг нь 1 метр 9О см шахуу өндөр залуу юм. Өндөр хүнд бас зовлонтой юм бий. Нэгэн улсын заан жижгэвтэр тэргээ бараг хэвтээгээр жолоодож явахтай тааралдсан. Мань өндөр залуугийн хөл урагш тулж, сандлаа арагшлуулснаас болоод энэ хэрүүл дэгдэв. Судлаа хойшлуулж урагшлуулах нь зорчигчийн бүрэн эрх шүү дээ.
Дуу нь чангарахад түрүүчийн "Одбаярын явдал" санаанд орж, нүүр улайв. Азаар үйлчлэгч охид ойр байсангүй. Хүмүүс гайхав. Дэргэд суусан солонгос эр юу болов гээд гайхаж байна. Арай зодолдож бас нэгэн дуулиан шуугиан болох вий дээ гэхээс яс хавтайв. Ойролцоох хүмүүс таг дуугүй. Би "Дүү нар минь ээ, нэрээ бодоорой. Түрүүчийнх юм болов доо" гэтэл "Танд хамаагүй, бид үүгээрээ ярилцаж байна" гэж омогдов. Гурвалжин дөрвөлжин юм болж хэцүүдэх байх гэж санаад дуугүй болов. Ашгүй тэгээд хэрүүл намдав.
Галт тэргэнд бол хамаа алга, онгоцонд зодолвол юу болохсон билээ. Ер нь манайхны омог, уур хилэнгийн мунхаг хэрээс хэтэрч ямар ч аюул дэгдээхэд бэлэн болжээ. Бензин дээр шүдэнз асааж тавих шиг гэнэт огцом уурсана. Уур хилэн гэдэг аюулд хүрэхэд наад зах нь эвгүй харах, дуугаа хураах, таагүй болох, эвгүйцэх, бухимдах, дургүйцэх, тавгүйцэх, шар хөдлөх, үл тоох зэрэг сэтгэлзүйн эерэг бус хөдлөлийг дамжилгүй шуудхан хуц уль, гахай нохойдоо хүрч гарынхаа бяр хүчээр шийдэх гэдэг нь манайхны ердийн араншин болсоныг та ч мэднэ.
Энд насны ялгаа байхгүй. Тоон хэллэгээр бол, уур хилэн бадрах 0-1О хүртэлх зайг тууллаа гэхэд шуудхан л хэмжүүрийн дээд оргил 1О-т хүрч очоод хүний аминд ч хүрч болох ноцтой жишээг дурдаад баршгүй. Залуу эрдэмтэн доктор, соён гэгээрүүлэгч гэж бүрнээ болох М.Саруул-Эрдэнийн орчуулсан "Поппе" хэмээх номын 222-р талд тэр аугаа эрдэмтэн, ялангуяа хэл шинжлэлийнхэн андахгүй Николас Поппе монголын талаар гайхамшигт үг үлдээжээ. Тэр нь юу вэ? гэвэл "1949- 1951 онд Америкт ирээд ажигласан энэ сайхан шударга, үнэнч чанарыг би амьдралдаа өөр хоёрхон улсад л мэдэрсэн билээ.
Нэг нь Монгол, нөгөө нь Финланд" гэжээ. Ийм л агуу нэр төртэй улс юмсан. Бодууштай санууштай гэж энэхүү дусал үгийг үлдээв.
СГЗ До.Цэнджав
2О2О. 01 сар. USA DANYILLE PA
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.