Шинэ төрлийн коронавирусын халдвараар өвчилсөн 38 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Twitter Print
2020 оны 01-р сар 25-нд 21:13 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 13:00 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 1330-т хүрч, үүнээс 237 хүний биеийн байдал хүнд, 41 хүн нас барсан байна. 

Нас барсан иргэдийн 39 нь Хубэй мужийн, 1 хүн нь Хөбэй мужийн, 1 хүн нь Хэйлунзян мужийн иргэн байна. Бүрэн эдгэрсэн 38 иргэн эмнэлгээс гарсан байна. Хятадын 29 муж (бүс, хот)-аас ирүүлсэн мэдээллээр шинэ коронавирусын өвчлөлтэй төстэй шинж тэмдэг илэрсэн тохиолдол 1965 бүртгэгджээ. Хятадын Эрүүл мэндийн байгуулагаас Коронавирусын халдварт хатгалгаар өвчилсөн байх магадлалтай 15,197 иргэнийг хяналтанд авснаас 1230 нь халдваргүйг тогтоож, үлдсэн 13,967 иргэнийг үргэлжлүүлэн ажиглаж байна.

1 дүгээр сарын 24-ний өдрийн 24 цагийн байдлаар Хубэй мужид 729 хүн (Үхань хотод 572 хүн), Бээжин хотод 36 хүн, Гуандун мужид 78 хүн, Сычюань мужид 28, Шаньдун мужид 21, Гуанши Жуаны ӨЗО-нд 23, Жөжян мужид 62, ӨМӨЗО-нд 2, ШУӨЗО-нд 3, Аньхуй мужид 39, Жилинь мужид 4, Хунань мужид 43, Хэбэй мужид 8, Ниншя Хотон Үндэстний ӨЗО-нд 3, Шаньси мужид 5, Шанхай хотод 33, Чуньчин хотод 57, ЗЗОБ Хонконгод 5, ЗЗОБ Макаод 2, Тайваньд 3, Хайнань мужид 17, Ганьсү мужид 4, Тяньжин хотод 8, Ляонин мужид 15, Хармөрөн мужид 9, Фүзянь мужид 10, Юньнань мужид 5, Гуйжоу мужид 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

china virus death toll rises to 41, more than 1,300 infected worldwide зурган илэрцүүд

Одоогийн байдлаар халдварт өвчин БНХАУ-ын Хөхнуур мужаас бусад мужуудад илрээд байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Үүнд:

1. Гараа сайтар угааж, амны хаалт байнга хэрэглэх,

2. Олон нийтийн газар зорчихгүй байх,

3. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх,

4. Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх,

5. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх,

6. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх,

7. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж, бүрэн гүйцэт боловсруулж хэрэглэх,

8. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд Эрүүл, ахуйн байгууллагаас зөвлөмж болгож буй амны хаалтыг сонгож, байнга хэрэглэж хэвших шаардлагатай байна. Иргэд шаардлагатай тохиолдолд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зорчих бол дээрх зөвлөмжүүдийг дагаж, мөрдөх нь зүйтэй. 

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос орон даяар коронавирусын халдварт хатгалгаа өвчний тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч нийтийн тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлтийг хийх, олон нийтийн арга хэмжээг цуцлах, зарим үзвэр үйлчилгээний төвүүдийг хаах, зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн 23-ны өдрийн 10 цагаас эхэлж Хубэй мужийн Ү Хань хотын олон нийтийн тээвэр, метро, усан онгоц, хот хоорондын тээврийг бүрэн зогсоож, нисэх онгоц, галт тэрэгний буудлыг хаасан байна. 

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Хаврын баярын амралтаар БНХАУ-д байгаа иргэд Элчин сайдын яаманд бүртгүүлж, өөрийн эрүүл мэндийн байдлаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье. 

Элчин сайдын яамтай холбоо барих утас: +86 (10) 6532 1810,
Консулын хэлтсийн утас: +86 (10) 6532 6513, + 86 (10) 6532 5081

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭСЯ

2020.01.25

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.