
Монгол үндэсний бөхийн спортод хүүхэд хөгшидгүй нэрийг нь андахгүй, алдартай аварга цолтой бөх олон төрөн гарсан. “Түшээт ханы Намхай аварга”, “Ах дүү Дугар, Гэлэгсэнгэ аварга”, “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх”, “Хүүхэд байхад наадамд дандаа түрүүлдэг Бат-Эрдэнэ аварга” гээд эрт болоод энэ цаг үед домог болон мөнхөрсөн олон сайхан аваргууд барилдаж байсан. Ардын хувьсгал ялсан цагаас хойш үндэсний бөхөд долоон дархан аварга уран мэх, авхаалж самбаагаараа тодрон гарч иржээ. Удахгүй наадам болно. “Дараа жилийн наадам хол байна даа, хол байна” гэж наадмын тухай ярих дуртай Монгол түмэндээ Ардын хувьсгалын 100, 101 жилийн наадмын бөхийн яриаг нь эхлүүлж энэхүү цуутай аваргуудын барилдааны амжилтыг тоймлон хүргэе.
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Өдгөө бидний тэмдэглэж буй ардын хувьсгалын их баяр наадмын бөхийн барилдаан урьд цагт Бат-Оршилт буюу Даншиг өргөх наадам, Уул Тайлгын буюу Арван Засгийн наадам хэмээх нэртэй явагддаг байжээ. Энэ хугацаанд өөрийн хүч бяр, чадал авъяасаар тодрон гарсан алдарт аваргуудыг дархан аварга Б.Бат-Эрдэнэ манлайлж байна.
1964 оны луу жилтэй бөхчүүд нэгэн үед зүлэг ногоон дэвжээг эзэгнэн барилдаж, ид хаваа гайхуулан хүчийг үзэхүй Б.Бат-Эрдэнэ гэдэг бөх цойлон гарч ирсэн. Тэрээр одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, ардын хувьсгалаас өмнөх үед Цэцэн Хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошууны нутагт Бадмаанямбуугийн отгон хүү болон төрсөн байна. Бат-Эрдэнэ аварга эцэг талаасаа их бөхийн өлгий нутаг Архангай аймгийн уугуул, өөрөө Хэнтий аймагт төрж өссөн болохоор уул нутгаар овоглодог.
Тэрээр 1985 онд ардын хувьсгалын 64 жилийн ойгоор давж начин цол хүртэж зургаад тэр наадамд түрүүлсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Б.Ганбаатарт өвдөг шорооджээ. Улмаар 1988-1990, 1992-1999 онд ес давж нийтдээ 11 удаа түрүүлсэн байна. Мөн 1990 онд Хэнтий аймгийн Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд 10 давж түрүү бөхөөр шалгарчээ. Сонирхуулахад дархан аварга Б.Бат-Эрдэнэ түүхт ойн жилд түрүүлж үзээгүй. 1991 онд ардын хувьсгалын 70, 2001 онд ардын хувьсгалын 80 жилийн ойгоор хоёуланд нь Сүхбат нэртэй бөхөд унасан аж. 1991 оны наадмын шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Пунцагийн Сүхбатад унасан бол 2001 оны наадамд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Агваансамдангийн Сүхбатад түрүү, үзүүр булаалдаж тахимаа өгсөн байна.
Б.Бат-Эрдэнэ өсөн нэмэх, үнэн хүчит, өнөд баясгалант, харьшгүй хүчит, манлайн дээд, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, хотлоор баясуулагч, бүхнээ дуурсгалт, улс даяар гайхамшигт, үнэхээр бишрэлт, харилтгүй үзэсгэлэнт, манлайн баясгалант, баяр наадмын манлай, онц бярдагч, бахдам гарамгай, үнэн зоригт, цогт гарамгай, аугаа хүчит бүхнээ сонсголонт, далай даян дархан аварга цол чимгүүдтэй.
Түүний онцлог нь Монгол бөхийн эрдмийг төгс эзэмшсэн, унаа холтой, гишгэгдэл сайтай, хоёр гарын шуундаа их бяртай, өрсөлдөгч бөхдөө ааглуулж бярдуулдаггүй, барилдааныг нь ажихад хянамгай, тогтуун өрдөг, мэхэндээ даацтай барилддаг.
Мөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ ардын хувсгалын өмнөх үеийн арван засгийн наадамдтай дүйхүйц сар шинийн бөхийн барилдаанд 13 удаа түрүүлэн, нэг үзүүрлэж, гурван удаа их шөвгийн дөрөвт шалгаран өөрийн хүч чадлаараа үнэхээр хол тасархай амжилтыг үзүүлсэн ажээ.
Хорлоогийн Баянмөнх
ЗХУ, БНМАУ-ын гавьяат тамирчин Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөх Увс аймгийн Хяргас суманд 1944 онд төрсөн. Тэрээр 1960 оноос эхлэн наадмын торгон ногоон дэвжээн дээр барилдаж өөрийн цуцашгүй хөдөлмөр, шавхагдашгүй авьяас билэг, хурц ухаанаараа Монгол үндэсний түүхэнд өөрийн арилашгүй мөрийг үлдээжээ. Х.Баянмөнх ардын төрийн их баяр наадамд 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онуудад түрүүлж, 1965, 1967, 1974 онуудад үзүүрлэсэн байна. Мөн 1966, 1969, 1978, 1980, 1983, 1985, 1988, 1989, 1991 оны наадмуудад их шөвгийн дөрөвт үлдэн нийт 26 удаа шөвгөрсөн гоц авъяастай дархан аварга аж.
Үндэсний бөхөөс гадна самбо, чөлөөт бөхөөр амжилттай хичээллэж дэлхийн аварга цол хүртсэн. Манай улсад шинэ тутамд хөгжиж байсан чөлөөт бөхийн анхны тамирчдын нэгээр барилдан 1972 оны Мюнхены зуны XX наадмын 100 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн байна. Үүнээс гадна чөлөөт бөхийн дэлхийн аваргаас нэг алт, хошой мөнгөн медаль энгэртээ зүүж дэлхийд данстай бөх байсан нь гайхамшигтай.
Бадамдоригийн Түвдэндорж
БНМАУ-ын анхны спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж Булган аймгийн Сэлэнгэбүрэн суманд 1916 онд төрсөн. Тэрээр үндэсний бөхийн уран мэхийг чадмаг эзэмшиж тухайн цаг үедээ гоц авьяастай байлаа. Ардын төрийн их баяр наадамд 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онуудад түрүүлж 1944, 1951 онд үзүүрлэсэн. Мөн 17 удаа шөвгөрсөн байна.
Дархан аварга Б.Түвдэндоржийн тухай олон домог шиг яриа үе дамжин иржээ. Аварга маань бор дарсанд дурлаж, мөрийтэй тоглоом их тоглодог байж. Нэгэн хууч яриа дэлгэхэд тэр жилийн наадмын үеэр манай улсад гадаадын зочид төлөөлөгчид ирж бөхийн барилдаан үзэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Гадаадын төлөөлөгчид “Танай улсад алдартай аварга байдаг гэсэн. Тэр бөхийн барилдааныг үзье” гэж хэлжээ. Эдгээр хүмүүс Б.Түвдэндорж аваргын тухай ярьжээ. Гэтэл аварга маань мөрийтэй даалуу тоглосон хэргээр шоронд байж таарчээ. Сайд, дарга нар түргэн авч Маршал Х.Чойбалсан яаралтай Б.Түвдэндорж аваргыг наадмын цэнгэлдэхэд авч ирэх үүрэг өгч шоронгоос суллагдан ирсэн байна. Ингээд тухайн наадамд Б.Түвдэндорж түрүүлсэн түүхтэй. Хожим шоронгийн бүртгэлд дархан аваргыг хуулийн дагуу сулласан бичиг баримт байхгүй, зөвхөн Маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй “Нөхөр Б.Түвдэндоржийг сулласан” гэсэн бичиг үлдсэн гэдэг.
Жигжидийн Мөнхбат
Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Жигжидийн Мөнхбат нь 1941 онд төрсөн. Ардын төрийн их баяр наадамд 1963-1967 онд завсаргүй тав түрүүлж 1974 онд зургаа дахь түрүүгээ авсан. Мөн наадмын барилдаанд дөрөв үзүүрлэн нийтдээ 21 удаа шөвгөрсөн харьшгүй хүчит дархан аварга юм. Тэрээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр дэлхийд данстай барилдаж байсан билээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, 1967 онд чөлөөт бөхийн төрлөөр анхны хүрэл медаль, 1968 оны Мехикогийн олимпоос Монгол улсдаа анхны мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн.
“Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” нэрийг аваад байсан Ж.Мөнхбат нь хурц түргэн, дайчин шаламгай барилдаантайгаас гадна ид гарч ирж байх үедээ төрийн өндөрлөгүүдтэй харьцаа таарамжгүй байлаа. “Давах би яараагүй байхад” гэдэг номондоо бичсэн нэгэн түүхийг хүргэхэд:
-Улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлээд төв асрын индэр дээр очиход сайд, дарга нар аварга цол өгдөггүй юм байна. Уг нь үндэсний бөхийн дүрмэнд нэг түрүүлбэл улсын арслан, хоёр удаа түрүүлбэл улсын аварга цол өгдөг. Гэтэл Ж.Мөнхбатад улсын аварга цол өгөлгүй өнгөрөхөд дараа жил заавал түрүүлнэ гэж хэлжээ. Ингээд дараа жилийн наадам ч болж Ж.Мөнхбат ес даван түрүүлж дарга нарын өмнө очиж “Өгдөггүй аварга цолоо одоо өг. Эсвэл би дараа жил сумын наадамд барилдаж түрүүлээд надад даага өгвөл та нар тэр даагыг минь битгий булааж аваарай” гэж хэлсэн гэдэг.
Дарийн Дамдин
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат жүжигчин, дархан аварга, Монгол циркийн хүч тамирын төрлийн жүжигчин Дарийн Дамдин нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1931 онд төржээ. Тэрээр 1956-1960 онд завсаргүй тав түрүүлсэн анхны амжилтын эзэн болсон. Мөн 1961, 1966, 1968-1970 онуудад таван удаа үзүүрлэн, нийтдээ 23 удаа шөвгөрсөн байна. Ид барилдааны үедээ гарлаа, өрлөө, давлаа гэж дуудуулж байсан халхын алдарт бөх, дархан аварга Дамдинг бөхийн барилдаан эхлэхэд бөмбөрийн дууг дуусахаас өмнө өрсөлдөгчөө давна гээд дэвээд явдаг байсан гэж ахмад бөхчүүд хуучилдаг билээ.
Дашдоржийн Цэрэнтогтох
Монгол улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шарга гэдэг газар төржээ. Улсын наадамд анх удаа барилдаж шууд улсын цол хүртсэн цөөн хэдэн бөхчүүдийн нэг Д.Цэрэнтогтох нь 1978, 1980, 1983, 1984 онд дөрвөн удаа түрүүлж, 1981, 1986-1988, 1990 онд үзүүрлэсэн. Мөн 1972, 1977, 1979, 1982, 1985, 1989, 1990 онд Хэнтий аймгийн Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд шөвгөрсөн байна.
Харин цагаан сарын барилдаанд 1978, 1983, 1986 онд гурван удаа түрүүлж, 1979, 1981, 1985, 1987, 1990 онд таван удаа үзүүрлэсэн аж.
Аварга маань угсраа олон мэх хийдэг байснаас гадна хавсрах, хутгах, хөлд орох, давуулж гуядах дархан мэхтэй билээ. Үндэсний бөхийн хамгийн дээд цолонд хүрэхдээ өсөх идэр, өрнөн дэлгэрэх, тод сонин үзэсгэлэнт, далай дайчин, манлайн баясгалант, баяр наадмын манлай, бүхнээ дуурсгалт, хотлоор баясгагч, улс даяар гайхамшигт, олныг баясуулагч, үнэн хүчит, түмнээс төгөлдөр, бууршгүй хүчит, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол чимгүүдийг хүртсэн аж.
Д.Цэрэнтогтох үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр хичээллэж дэлхийн цомын мөнгөн медальт, азийн аварга, “Москва-1980” зуны Олимпийн XXII наадмын шагналт 4-р байр эзэлж, Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан юм.
Шаравын Батсуурь
Дархан аварга Шаравын Батсуурь нь Говь-Алтай аймгийн Жаргалан сум хуучнаар Засагт хан аймагт 1922 онд төржээ. Товир биетэй хэрнээ маш хурдан хүний хөлд ордог, хурдан шуурхай барилдаантай бөх байв. Тэрээр гурван жил магадгүй түүнээс олон жил дараалан түрүүлэх бололцоотой байсан ч бууж өгсөн хэмээн хэлмэгдүүлсэн удаатай. Хүний хувьд нөхөрсөг, бөхийн хувьд бяртай, олон жил сайн барилдсан хүн гэж ахмад бөхчүүд дурсан ярьдаг.
Орон нутгийн, тухайлбал аймгуудын наадамд олон удаа барилдаж, олон аймагт түрүүлж байсан онцлогтой бөгөөд гүйх, дунгуйлдах дархан мэхтэй. Улсын наадамд 1947, 1948 онд хоёр дараалан түрүүлж, 1949, 1953, 1957 онд үзүүрлэн 1951, 1952, 1954, 1958, 1959, 1961-1964, 1966 онд 10 удаа шөвгөрчээ. Тэрээр өсөх идэр, бат хүчит, гарамгай хүчит, өсөн нэмэх, үнэн хүчит, олныг баясуулагч, харилтгүй хүчит, даяар дуурсах, аугаа хүчит, олныг баясгагч, далай даян дархан аварга цол чимгийг хүртсэн. 1963 онд Ардын их хурлын тэргүүлэгчид олон жил сайн барилдсан ахмад аваргад “дархан аварга” цол өгсөн байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Зочин
(66.181.189.93) 2023-04-08 17:37Ардын засгийн аврагуудыг аврага ЦОЛ авсанаар нь эрхэмлэх болохоос биш ингэж хэд түрүүлсэнээр нь эрэмблэж болохгүй үндэсний бөхөд хачин юм яваад байна.эсвэл ...
Хариулах