Аавуудаа охинтойгоо болзоорой

Twitter Print
2020 оны 10-р сар 16-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Аавтайгаа (өвөө, ахтайгаа) тоглодог хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл, бусадтай харилцах чадвар илүү хөгждөг. 

Аавууд нь (өвөө, ах нь) охиддоо тусгайлан цаг гаргаж, тэдэнтэй нөхөрсөг байдаг бол тэд насанд хүрээд биеэ зөв авч явдаг, эрэгтэй хүнтэй харилцаж сурснаар ирээдүйн ханиа зөв сонгоход ч нөлөөлж чаддаг шүү. Охидтойгоо хамтдаа юу хийж болох вэ?

1. Охинтойгоо хамт айл гэрдэж, дэлгүүр болж тоглоорой. (Охин ээж та нөхөр нь, охин худалдагч та үйлчлүүлэгч болоход тэд дуртай)

2. Гүнжийн хүүхэлдэй үзэх, шинэ дуу сурах (Олон гүнжүүдийн хэн нь ямар зантай болох, хэн нь яагаад таалагддаг талаар яриулах, дуу сурахдаа охиноороо заалгах)

3. Гэртээ чөлөөт болон уянгын аянд бүжээрэй. Таныг бүжгэнд урьж байна, та зөвшөөрөх үү? г.м зөвшөөрлийг нь заавал аваарай. (Уянгын ая дээр охиноо хөл дээрээ гишгүүлэх эсвэл мөрөн дээрээ суулгаад аяныхаа хэмнэлээр хөдлөөрэй)

4. Амьтны музей орох. (Охид амьтдын үр төл, нялх байх үеийг өхөөрдөн энхрийлэх дуртай гэдгийг тооцоолоорой)

5. Зун цэцэрлэгт хүрээлэнгээр дугуй унахыг заах, дугуйндаа сундлаад аялаарай.

6. Чухал уулзалттай, хуралтай, магадгүй оройтох өдрөө өмсөх хувцасаа охиноороо сонгуулаарай. (Аав чухал ажилтай байгаа, чухал ажилд нь би тусалсан гэсэн сэтгэлээр охин таныг оройтсон ч ойлгодог)

7. Хэдий ажил ихтэй байсан ч охиноо цэцэрлэг, сургуулиас нь авдаг тогтмол өдөртэй болоорой. (Сурсан дуу шүлэг, сонин сайхнаа ээжээс илүү аавдаа гайхуулах дуртай байдаг тул харих замдаа түүнийг нь заавал сонсоорой)

8. Хамтдаа зураг авах, сэлфи хийх, толь руу зэрэгцэн ширтэлцэх (Ааваасаа ямар хөөрхөн, ээжийнхээ ямар хөөрхөнг дуурайсныг нь өхөөрдөн хэлээрэй)

9. Охид гадны киноны гүнжүүдийг их шүтдэг. Тэгвэл аав нь Монголын их хатад, үзэсгэлэнт гүнжүүдийн тухай түүх домог сайн ярьж өгч байгаарай.

10. Ээжтэй нь хэрхэн танилцаж болзож байсан. Охиноо мэндэлж байх үеийн гайхалтай дурсамжуудаа ярьж өгөөрэй.

11. Эмээ өвөөгийнх нь тухай, тэр үеийнхний амьдралын онцлогийг өнөөдрийнхтэй харьцуулан хөөрөлдөөрэй.

Холбоотой Зураг

12. Хэн нэгэнд туслах, урам өгөх зүйлийг санаачлан хамтдаа хийх. (Цэцэрлэгийн үйлчлэгчид талархалын захидал өгөх, настай хүнд ачааг нь өргөж туслах гэх мэт)

13. Гэртээ тогтмол сонсдог сонгодог хөгжмийн аяуудтай болоорой.

14. Зургийн урлан орж хамт зураг зурах эсвэл зурсан зургаа охиноороо будуулж хамтраарай.

15. Заримдаа ээжийн нь гоо сайхны ширээг зээлж байгаарай. Охид аавынхаа нүүрийг будах, үсийг нь гоёх дуртай. Яагаад гэвэл та охиныхоо хувьд хамгийн өхөөрдөм, хайр татам залуу нь байдаг.

16. Ажлаасаа тарж ирэхдээ охиноо тэвэрч хайртай гэдгээ хэлж хэвшээрэй.

17. Охин тань уншиж сурсан, эс сурсан хамаагүй долоо хоног бүр түүнд зориулж унтахын өмнө аз жаргалтай үлгэр уншиж өгч байгаарай. (Үүгээр дамжуулж намайг хамгаалах баатар үргэлж байгаа хэмээх итгэл оршиж цовоо сэргэлэн, өөртөө итгэлтэй байдаг)

18. Хүүхэлдэйгээ угжих, унтуулах, хувцаслах ажил болон гэрийн даалгаварт нь тусалж байх.

19. Ээжид нь зориулж амттан, гоо сайхны зүйлс, бэлэг авахдаа охинтойгоо зөвлөлдөн сонголт хийж байгаарай.

20. Охиндоо өөрийнхөө болон ээжийнх нь ажлаар аялуулж юу хийдэг тухайгаа тайлбарлаж, танилцуулаарай.

21. Охинтойгоо буудлага хийх, гэрийн боулинг тоглох г.м авхаалж анхаарал шаардсан тоглоом тоглож тоглох дундаа дасгалжуулаарай.

За ингээд охинтойгоо болзоод байгаарай. Охиныхоо сөрөг сэтгэл хөдлөлийг анзаарч, эерэг зан үйлийг нь дэмжиж идэвхтэй оролцоотой байна шүү аавуудаа. Аавуудын идэвх санаачлага, оролцоо охидын аз жаргалтай гэгээн ирээдүйд хамгийн их нөлөөтэй.

Г.Төмөрзаяа

Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.