
Вашингтон ОХУ-ын түрэмгийллийн эсрэг дайтаж буй Киевт дэмжлэг үзүүлж, байлдааны өндөр хүчин чадалтай 31 танк илгээхээр болжээ. Вашингтоны уг мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Берлин Киевт "Леопард-2" байлдааны танкнаасаа 14-ийг илгээхээр болсноо мэдэгдсэн юм.
Түүнчлэн Берлин Европын бусад улс орнуудад зэр зэвсгийн нөөцөд байгаа Германд үйлдвэрлэсэн "Леопард-2" танкийг Украин руу илгээхийг зөвшөөрчээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш Киев барууны түнш орнуудаасаа зэр зэвсгийн тусламж үзүүлэхийг хүссээр ирсэн билээ.
Берлин, Вашингтон хоёрын зүгээс хийсэн мэдэгдлийг Киев баяртайгаар хүлээн авч, хоёр улсын зэр зэвсгийн тусламжийн ачаар зэвсэгт хүчин нь оросуудад эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авч чадна гэж үзэж байгаа ба Ерөнхийлөгч В. Зеленский үүнийг ялалтанд хүргэх чухал алхам хэмээн тодорхойлжээ. Нөгөө талаас оросууд үүнийг "ил тод өдөөн хатгалга" хэмээгээд барууны орнуудын Киевт илгээсэн танкуудыг устгана хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, "Бид танкнуудын хэвийн ажиллагааг дэмжихэд шаардлагатай сэлбэг, тоног төхөөрөмжийг мөн илгээж байгаа. Энэ нь Украин улсад газар нутгаа хамгаалахад нь тусалж байгаа явдал болохоос ОХУ-ыг заналхийлж байгаа явдал биш." хэмээн онцолжээ.
Өмнө нь Вашингтон "М1 Абрамс" танкнуудыг Украин руу илгээхэд хүндрэлтэй, засвар үйлчилгээ нь үнэтэй, Украины цэргүүдэд ажиллуулахад бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар Киевт танк илгээх боломжгүй хэмээн мэдэгдэж байсан юм. АНУ-д үйлдвэрлэсэн "М1 Абрамс" танк нь дэлхийн хамгийн орчин үеийн байлдааны танк бөгөөд уг танкийг ажиллуулахын тулд урт хугацааны бэлтгэл сургуулилт шаардлагатай аж.
АНУ-ын зүгээс Киевт үзүүлэх 400 сая ам. долларын үнэ бүхий багц тусламжинд хөрсөнд сууж гацсан танкийг гаргах зориулалттай 8 машин багтаж байгаа аж.
Нөгөөтээгүүр Вашингтоны илгээх танкууд Киевт хүрэх хүртэл олон сар болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь Америкийн эрх баригчид дээрх танкуудыг өөрийн улсын нөөцөөс бус гэрээт компаниудаас худалдаж авсныхаа дараа илгээх аж.
Харин ХБНГУ-аас илгээх "Леопард-2" танкнууд нь Украинд 2-3 сарын дараа очих төлөвтэй байгаа ба тус танк нь тулааны талбарт өндөр үр дүн үзүүлдгээрээ алдартай аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.