Цахим спорт 2032 оны Олимпод орж магадгүй

Twitter Print
2022 оны 05-р сар 14-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Цахим спорт 2032 оны Олимпийн тоглолтод орох магадлал өндөр байна. Учир нь ОУОХ-ноос саяхан гаргасан мэдэгдэлдээ “Олимп зохиож буй хот нь хөтөлбөртөө спортын шинэ төрлийг санал болгох талаар дүрэмдээ өөрчлөлт оруулсан” гэж дурджээ. 

2032 оны Олимпийг зохион байгуулах хот-Брисбэний Олимпийн Хороо цахим спорт 2032 оны Олимп хөтөлбөрт оруулах талаар аль хэдийн яриад эхэлжээ. Гэхдээ Күэнсланд мужийн Брисбэн хотын санал болгож буй ямар ч спортын төрлөөс зөвхөн нэг юм уу хоёр нь л сонгогдох магадлалтай.

Цахим спорт 2032 оны Олимп-д орвол 1-2 төрөл орно.

Өнгөрсөн амралтын өдөр Брисбэн хотын зохион байгуулах хороо анх удаа хуралдах үед ОУОХ видео тоглоомууд, тэр дундаа цахим спорт Олимпийн наадамд оролцох магадлал улам бүр нэмэгдэж байгааг ч дурджээ. Үзэгчдийн тоо, спорт болон хөгжиж буй өрсөлдөөнт видео тоглоомын нэр хүнд өсч, шинэ залуу үзэгчид хошуурч байгаа энэ үед ОУОХ яалт ч үгүй анхаарлаа хандуулж эхэлж байгааа бололтой.

Хамгийн гол “тээг” болоод байсан Олимпийн дүрэмд бага ч болов өөрчлөлт оруулсан нь цахим спортод маш том боломж нээж байна. Брисбэн хотын Олимп зохион байгуулах комиссын дарга Кирсти Ковентри “Бидний анхаарч байгаа зүйл бол залуу үеийнхэнд маш их таалагддаг тэр спорт, спортын төрлийг хөтөлбөрт оруулах нь чухал юм. 2020 (цар тахлаас болж 2021 онд зохиогдсон) Токиогийн Олимп “удиртгал тоглолт-previous games” зохиож, залуусыг олноор татаж, Олимпоор амьсгалах боломж олгож байсан нь бидний хувьд жишээ болно. Гэхдээ эцсийн шийд гарч, цахим спортын аль төрөл орохыг хэлэх эрт байна” гэжээ. 

2032 оны тоглолтууд болоход 10 жилийн хугацаа үлдээд байгаа бөгөөд Брисбэн хот төлөвлөлтийн шатандаа явж байгаа үед, аль танхимаа, аль заалыг цахим спортынх болгох вэ гэдгийг ярихад ч эрт байна. Австраличууд өөрийн уламжлалт крикет, нетболоо оруулах, эсвэл аль нэгийг нь сонгож цахим спортын нэг төрлийг хөтөлбөрт оруулж болно. 

ОУОХ ирэх жил Сингапурт цахим спортын фестивал зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэрвээ энэ арга хэмжээ амжилттай болбол цахим спорт 2032 оны Олимпийн  наадамд албан ёсоор орох суурийг тавьж магадгүй.

Ю.Ариунзаяат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.