Н.Номтойбаярыг чөлөөлөхгүйгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүллээ

Twitter Print
2020 оны 01-р сар 30-нд 20:56 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүй байснаас болж 20.20 минутад дахин эхэллээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэх байсан боловч илтгэгч нь хуралдаа ирээгүй учраас түдгэлзүүлэх тогтоолыг батлах эсэх санал хураалтыг дахин явуулахаар шийдвэрлэв. Ингээд санал хураахын өмнө гишүүд юу ярьсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-УИХ-ын гишүүнийг чөлөөлөх асуудлыг илтгэх хүн алга байна. Дэгийн тухай хуулийн дагуу дараагийн асуудлыг хэлэлцэе гэж бодож байна. Тогтоолоо баталгаажуулж чадаагүй асуудал байгаа. МАН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан. Дараагийн асуудалд оръё гэдэг горимын санал гаргаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Дараагийн асуудлыг хэлэлцэе гэдгээр санал хураалт явууллаа. 75 хувийн саналаар дэмжигдлээ. Хаалттай горимд шилжиж, дараагийн асуудлыг хэлэлцэх үү.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Хаалттай хурал хийх ямар шаардлагатай юм. Энд сууж байгаа гишүүд нууц санал хураалтын дүнг баталгаажуулах үүрэгтэй. Хаалттай явуулснаас болж өнөөдрийн асуудал үүсээд байна. Нээлттэй санал хураалт явуулах санал гаргаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Тогтоол ил юм чинь илээр санал хураалт явуулж болохгүй юу, Тамгын газрынхаан. Тогтоолыг батлах санал хураалтыг нээлттэй явуулъя гэж горимын санал дээр санал хураая. 29 гишүүн дэмжиж 76.3 хувийн саналаар нээлттэй явуулахыг дэмжлээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах талаар өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах санал гаргалаа. Горимын саналаар санал хураая.  83.3 хувийн саналаар дэмжлээ.

Ингээд УИХ-ын өнөөдрийн чуулганаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуралдааныг хаалаа.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.