
Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулах комиссын дарга Ёширо Морийг эмэгтэйчүүдийн талаар "зохисгүй" зүйл хэлсэн явдалдаа уучлалт хүсчээ.
83 настай Ёширо Мори өнгөрсөн лхагва гарагт болсон Японы Олимпийн хорооны хурал дээр эмэгтэйчүүдийг хэтэрхий их ярьдаг тийм ч учраас Японы Олимпийн хороо олон эмэгтэй гишүүдтэй болвол тус хорооны хурал цуглаан удаан үргэлжилдэг болно хэмээн ярьсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, нийгмийн сүлжээгээр түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан хөдөлгөөн өрнөж байна. Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар Ёширо Мори уучлалт хүссэнээр уг асуудал хаагдсан болохыг Олон Улсын Олимпийн Хорооноос мэдэгдсэн ба Ёширо Мори олон нийтээс уучлалт хүссэн мэдэгдэл хийхдээ албан тушаалаасаа огцрох тухай дурдаагүй байна.
Японы Олимпийн наадам хариуцсани сайд Сейко Хашимото Японы Ерөнхий сайд асан Ёширо Моритой уулзан, уг асуудлыг хэлэлцэхээ мэдэгджээ. Тэрээр, "Олимпийн наадмын тулгуур зарчим нь эмэгтэйчүүдийг спортын бүхий л салбар, түвшинд дэмжсэнээр жендерийн эрх тэгш байдлыг бий болгох юм." гэж онцолсон байна. Японы Олимпийн хороо нь 24 гишүүнтэйгээс 5 нь эмэгтэй гишүүд юм. 2019 онд Японы Олимпийн Хороо захирлуудынхаа 40 хувийг эмэгтэйчүүд болгох зорилго тавьсан аж. Асахи Шимбун сонинд бичсэнээр Ёширо Мори лхагва гарагийн хурал дээр, "Бид эмэгтэй захирлуудынхаа тоог нэмбэл тэдгээр эмэгтэй захирлуудын үг хэлэх цагийг ямар нэг байдлаар хязгаарлах хэрэгтэй.
Эмэгтэйчүүд ярьж байгаа юмаа дуусгаж чаддаггүй нь төвөгтэй байдаг. Олимпийн наадмыг зохион байгуулах манай комисст 7 эмэгтэй ажиллаж байгаа. Тэд бүгд өөрсдийн байраа мэддэг." хэмээн ярьсан аж. Үүнтэй холбоотойгоор иргэд нийгмийн сүлжээгээр Ёширо Морийг огцрохыг шаардан, Твиттерт #Moriresign хэштаг хамгийн олон дурдагдсан хэштагуудын нэг болжээ. Ёширо Мори Майничи сонинд өгсөн ярилцлагадаа гэр бүлийнх нь эмэгтэй гишүүд түүнийг хэлсэн үгнийх нь төлөө зэмлэсэн хэмээн ярьжээ. Нөгөө талаас Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга Ёширо Морийг тийм зүйл хэлэх ёсгүй байсан хэмээн онцолжээ.
Токиогийн Олимпийг зохион байгуулах комиссын захирлуудын зөвлөл нь 36 гишүүнтэй ба тус зөвлөлд Японы Олимп болон Паралимпийн хороо, Токио хотын захиргаа, Японы засгийн газар зэрэг олон төрлийн байгууллагын гишүүд, ажилчид багтдаг аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.