
Энэ жил анхныхаа хөхөөн дууг өнөөдөр сонслоо. Хөхөө бол онцгой шувуу.
Хөхөөн дуу нэг их чанга биш атлаа маш холоос сонсогддог онцлогтой. Өөр шувууны ялангуяа болжморын үүрэнд өндгөлчихөөд явчихдаг тухай багад буурал ээж минь ярьдаг байсансан.
Бас нэг сонин дуулгахад жил жилийн хавар манай орныг зорьдог хөхөө хаа холын Африкаас ирдэг ба эх газарт амьдардаг шувуудын дотроос хамгийн хол нүүдэллэсэн дээд амжилтыг тогтоосон гэнэ шүү. Монголын шувуу судлаачид Британийн British Trust for Ornithology (BTO) байгууллагынхтай хамтран “Mongolia Cuckoo Project” төслийн хүрээнд өмнөд Африкийн Замби улсад өвөлжсөн таван хөхөө шувуунд газар зүйн байрлал тогтоогч зүүж, нүүдлийн замыг нь судалсан юм байна.
Тэдгээрээс дөрөв нь нүүдлийн замдаа үхэж, ганцхан Онон нэртэй хөхөө Монгол нутагтаа эсэн мэнд ирж чаджээ. Онон 3 сарын 20-нд Замбиас гарч, Энэтхэгийн далайг туулан 16 улсын нутгийг дайрахдаа нийт 12,000 орчим километр зам туулсан байна.
Энэ нь эх газарт амьдардаг шувуудын хувьд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн хол аялал ажээ. Ингэхдээ Онон далай дээгүүр зогсолтгүй 2,500 км ниссэнийг тогтоосон ба нислэгийн дундаж хурд нь 60 км/цаг байжээ.
Ер нь дэлхийн бүх шувууны төрөл зүйлийн 40 орчим хувь нь улс дамжин нүүдэллэдэг юм билээ.
Хөхөө тагтааны дайны биетэй мөртлөө болжмороос жижиг /3 гр/ 25 хүртэл тооны өндөг гаргаж түүнийгээ энд тэндгүй янз бүрийн шувуудын үүрэнд тарааж орхидог гэнэ дээ. Хөхөөг англиар cuckoo, оросоор кукушка гэж хоорондоо бараг ижил дуудлагаар нэрлэдэг нь бас их сонин.
Шаравын Пүрэвсүрэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.