
Шведийн Аюулгүй байдлын алба ОХУ-аас Европ руу хий дамжуулах Норд Стрийм-1,2 хоолойг тэсэлсэн байж болзошгүйг илтгэх нотлох баримтуудыг олж илрүүлсэн ба энэ нь "хорон сүйтгэх ажиллагаа явагдсаныг илтгэж байна" хэмээн онцолжээ.
Швед, Данийн эрх баригчид ОХУ-ыг ХБНГУ-тай холбох хий дамжуулах хоолойд 4 газарт нүх гарч, Балтын тэнгист хий шүүрч байгаа явдлыг шалгаж байгаа юм. Европын холбоо хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг ОХУ-аас экспортлодог байсан ба Украин руу довтолсны дараагаар Москва хийн экспортоо бууруулснаас хойш эрчим хүчний хямралтай тулгараад байгаа билээ.
Швед, Данийн эрх баригчид хий дамжуулах хоолой цоорох болсон шалтгааныг шалгаж байгаа ч Москва үүссэн нөхцөл байдал АНУ-д ашигтай хэмээн барууны орнуудыг уг хорон сүйтгэх ажиллагаанд буруутгаж байгаа аж. Вашингтоны зүгээс болсон явдалд ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Шведийн Аюулгүй байдлын албанаас гаргасан мэдэгдэлд, "Хэргийн газрыг шалгаж дууссаны дараа Шведийн Аюулгүй байдлын алба Шведийн эдийн засгийн бүс дэх Норд Стрийм-1,2 хоолойд тэслэлт явагдсаныг тогтоолоо." хэмээн бичсэн байна.
Түүнчлэн хийн хоолой ноцтой гэмтсэн байсныг тогтоож, хэргийн газраас олдсон зарим нэг материалуудыг нарийвчлан шинжилж байгаа ба эдгээр материалууд нь хорлон сүйтгэх ажиллагаа болсон байх магадлалыг нэмэгдүүлж байна гэжээ.
Шведийн Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Жимми Адамссоны мэдэгдсэнээр хоолойнууд далайд 70-80 м гүнд байгаа учраас хорлон сүйтгэх ажиллагааг жолоочгүй тээврийн хэрэгслийн тусламжтай гүйцэтгэсэн байж болзошгүй аж.
Кремлийн зүгээс Шведийн тал ОХУ-ыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахгүй байгаа хэмээн мэдэгджээ. Нөгөөтэйгүүр Шведийн Хууль зүйн яам Шведийн эрүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд өөр талуудыг оролцуулах боломжгүй гэжээ.
ОХУ-ын Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Москва Оросын албан тушаалтнууд болон Газпром компанийн ажилтнуудыг багтаасан цогц бөгөөд нээлттэй мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардана хэмээн хий дамжуулах хоолойн эзнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахгүй байгаа нь ямар нэгэн юм нуух гэж оролдож байгааг илтгэж байна гэжээ.
Нөгөө талаас Шведийн засгийн газарт Газпром эсвэл Норд Стриймээс болсон явдлыг өөрсдийн зүгээс шалгах хүсэлт ирүүлээгүй аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.