БЭР цэцэг

Twitter Print
2021 оны 03-р сар 01-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Хол газар одож буй дотно хүндээ Бэр цэцгийг бэлэглэвэл “таныг эргэн иртэл хүлээнэ” гэсэн утга санааг өгүүлдэг хэмээн домоглодог.

Хойд нас гэж байдаг юм бол

Гарыг чинь гуйх болно

Галыг минь асааж өгөх үү чи

Галзуу догшин дайчин болж төрвөл

“Бэр цэцэг нэгийг өвөртлүүлээч”

Би чиний төлөө амьд ирнэ, хүлээх үү чи... /Б.Болдсайханы шүлгээс.../

БЭР ЦЭЦЭГ нь монгол урчуудын урладаг эмээлийн мөнгөн баавар шиг гоёмсог. Анхилуун үнэртэй, нарлаг орчинд байх дуртай, зөгий, эрвээхэй ихээр татагддаг тул зарим нутагт “эрвээхэйн цэнхэр” ч гэж нэрлэдэг. Ихэнх цэцэгс 10-14 хоног цэцэглээд хагдарч унадаг жамтай байхад Бэр цэцэг зуны гурван сарын турш цэцэгтэйгээ байдаг онцлогтой. Монгол орны бүх нутгаар тархсан байдаг ба цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй. Таримал байдлаар ургуулж болдог, арчилгаа бага шаарддаг, халуун хүйтэнд тэсвэртэй, өсөж ургах чадвар сайтай цэцэг юм.

Монгол Улсын Засгийн газраас 2014.10.25-нд Бэр цэцгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн бэлгэдэл болгон #ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ЦЭЦЭГ”-ээр өргөмжилсөн. Ургамал судлаач, багш оюутнууд, эрдэмтэд нийлсэн 1000 гаруй хүний дунд санал асуулга явуулахад #БэрЦэцэг хамгийн олон саналыг авсан гэдэг. Үндэсний бахархалт цэцгийг шалгаруулахдаа ард түмний сайн мэддэг, нутаг орны хэмжээнд өргөн тархсан байдгийг харгалзан сонгожээ. Одоогоор 153 улс орон “Үндэсний бахархалт цэцэг”-тэй бөгөөд Бэр цэцгийг үндэсний цэцгээр зарласан орон байхгүй ажээ.

Бэр цэцэг нь эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болдог тул “Тахилын цэцэг” хэмээн хүндэтгэн нэрлэж иржээ. Цэцэг бүрт шинжлэх ухааны болон орон нутгийн нэр бий. “Баавар цэцэг”, “Бэр цэцэг”, “Тосон тором” гэх орон нутгийн нэршилтэй энэ цэцэгний шинжлэх ухааны нэр нь “Scabiosa” юм.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.