
ДЭМБ-аас мэдээлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн иргэдийн тоо рекорд тогтоож, КОВИД-19 цар тахал эхэлснээс хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр тоо болоод байна.
Нөгөөтээгүүр ДЭМБ өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчдын зүгээс коронавирусын цар тахлын статистик тоонд оруулаагүй эмнэлгийн 60 мянга орчим нас баралтын тухай мэдэгдсэн, энэ талаар Хятадын эрх баригчдаас тодорхой мэдээлэл өгөөгүй байгааг онцолжээ.
Бээжингээс өгсөн мэдээллийн дагуу ДЭМБ тус улсад коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн тоо өнгөрсөн долоо хоногт 63 307-д хүрч, өмнөх долоо хоногийнхоосоо 70 хувиар өссөн болохыг тогтоожээ.
Энэ бол Хятадын Ухань хотод 3 жилийн өмнө коронавирусын халдвар анх бүртгэгдсэнээс хойш тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Өнгөрсөн 11-р сарын сүүлээр Хятадын томоохон хотуудад иргэд коронавирусын цар тахлын эсрэг арга хэмжээг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсан билээ.
Үүнтэй холбоотойгоор 12-р сарын эхээр Бээжин 3 жилийн турш хэрэгжүүлж ирсэн цар тахлын эсрэг бодлогоо сулруулж, коронавирусын шинжилгээг зогсоож, хилээ нээж, хөл хориог цуцалсан юм.
Цар тахлын хязгаарлалтуудаа цуцалснаас хойш 1.4 тэрбум хүн амтай тус улсад коронавирусын халдвар хурдацтай тархаж эхэлсэн.
ДЭМБ болон олон улсын байгууллагууд Бээжин коронавирусын халдвар авсан, халдварын улмаас нас барсан иргэдийн тоог бодитой мэдээлэхгүй байна хэмээн буруутгаж, илүү нарийн тодорхой мэдээлэл өгөхийг шаардсаар байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.