Баян улс орнууд ядуу буурай улс орнуудад хийгдэх вакцины зардлыг төлөх ёстой гэжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 07-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Улс орнуудын Ерөнхийлөгч, ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд нарын албыг хашиж байсан улс төрчид хамтран "Их-7"-гийн гишүүн улс орнуудад уриалга бүхий захидал бичжээ.

Уг захидалдаа төр нийгмийн зүтгэлтнүүд коронавирусын цар тахлыг мутацид орж, тархахаас сэргийлэхийн тулд дэлхий даяар явагдаж буй коронавирусын эсрэг дархлаажуулах аяны зардлыг өндөр хөгжилтэй орнуудаас гаргахыг уриалжээ. Ирэх баасан гарагт Англид эхлэх "Их-7" - гийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британи, Франц, Герман, Итали, Канад болон Японы төрийн тэргүүнүүдтэй уулзах юм.

"Их-7"-гийн улс орнуудын тэргүүнүүдэд хандан бичсэн захидалдаа улс орнуудын тэргүүнүүдээр ажиллаж байсан улс төрчид 2020 онд улс орнуудын хамтын ажиллагаа бүтэлгүйтсэн ч 2021 онд уг алдаагаа засах боломжтойг онцолжээ. Уг захидалд, "Их-7 болон Их-20-ийн гишүүн орнууд бага болон дунд орлоготой улс орнуудад коронавирусын эсрэг вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх нь сайн үйлс гэхээсээ илүү стратегийн ашиг сонирхол бүхий асуудал юм" гэдгийг онцолжээ.

Дээрх захидалд Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун, Тони Блейр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун, Африкийн улс орнуудын төрийн тэргүүнээр ажиллаж байсан улс төрийн 15 зүтгэлтэн зэрэг нийт 100 хүн гарын үсгээ зуржээ.

Тэд "Их-7" - гийн гишүүн орнуудаас коронавирусын цар тахалтай тэмцэх ажилд ирэх 2 жилийн хугацаанд ойролцоогоор 30 тэрбум ам. долларыг зарцуулахыг хүсчээ. ""Их-7"-гийн хувьд энэ нь хандив биш, энэ нь өвчний тархалтыг зогсоох, мутацид орох, бидэн дээр эргээд ирэхээс сэргийлсэн хамгаалалт юм" хэмээн Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун онцолжээ.

Олон Улсын Save The Children байгууллагаас хийсэн судалгаагаар АНУ, Их Британи, Франц, Герман болон Канадын иргэд "Их-7"-гийн гишүүн орнууд дэлхийн улс орнуудад коронавирусын эсрэг вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 66 тэрбум ам. долларыг гаргах нь зүйтэй гэж үзсэн нь тогтоогджээ.

Их Британид болон Америкт тус бүр иргэдийнх нь 79 хувь нь уг саналыг дэмжсэн бол Францад хамгийн бага буюу иргэдийнх нь 63 хувь нь баян улс орнууд ядуу буурай орнуудын вакцины зардлыг гаргах ёстой гэсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/business/healthcare

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.