
Сөүлийн Итэвон дүүрэгт болсон шахцалдаанаас болж 149 хүн амь үрэгджээ
Өнгөрсөн шөнө Сөүл хотын Итэвон дүүрэгт Хэллоуины баяр тэмдэглэхээр цугларсан иргэд дунд шахцалдаан үүссэнээс болж багадаа 151 хүн амь үрэгдээд байна. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд, залуус байжээ.
Ёнсан Онцгой ангийн дарга Чой Сунбомын мэдээлснээр 65 хүн эмнэлэгт хүргэгдсэний 19 хүнийх нь биеийн байдал маш хүнд байгаа ба амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй гэжээ.
Олон тооны кафе зоогийн газар, шөнийн цэнгээний клубууд байрлах Итэвон дүүрэгт цар тахлын журмууд цуцлагдсанаас хойш иргэд анх удаа Хэллоуины баяр тэмдэглэхээр олноороо цугларчээ. Цугларсан залуусын ихэнх нь Хэллоуины баярт зориулж хувцасласан байжээ.
Нийт 100 мянга гаруй хүн Итаевонд цугларсан гэх бөгөөд амиа алдагсдын дийлэнх нь өсвөр насныхан буюу 20-иод насныхан байсан аж.
Чой Сунбомын мэдээлснээр амиа алдсан иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр бямба гарагийн орой Итэвон дүүрэгт энгийн өдрүүдийг бодвол багадаа 10 дахин их хүн цугларсан байсан ба цугларсан олны дунд эмх замбараагүй байдал үүсэж, тухайн дүүрэгт байсан цагдаа нар хэв журам тогтоож дийлэлгүй, хяналтаа алджээ.
Нийгмийн сүлжээнд тархсан бичлэгүүдээс иргэд нарийн гудамжинд хэдэн зуугаараа гацаж, зарим нь ухаан алдсан байгааг, яаралтай тусламжийн ажилтнууд мөн тухайн дүүрэгт зугаалж явсан иргэд ухаан алдсан иргэдэд анхны тусламж үзүүлж байгааг харж болох юм.
Онцгой байдлын албаныхан болон гэрчүүдийн мэдээлснээр нарийн налуу гудамжинд шахцалдаж гацсан иргэдийн эсрэг талаас мөн олон тооны хүмүүс шахцалдан унаж ирснээс болж налуу гудамжны доор байсан иргэд унаж, хүмүүсийн доор дарагдсан байна.
Сөүл хотын удирдлагууд хэргийн газраас холгүй цогцос хадгалах түр байр байгуулахад хүрсэн ба цогцсуудыг таних үйл ажиллагаа явагдаж байна.
Амиа алдсан иргэдийн дунд гадаадын 2 иргэн байгаа гэжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл шуурхай хуралдаан зарлаж, бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, ослын шалтгааныг тодруулахыг үүрэг болгожээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.