Ардчилсан парламентын доройтсон ёс зүй

Twitter Print
2020 оны 01-р сар 31-нд 12:29 цагт
Мэдээний зураг,
  • Зөрчлийн хууль гишүүнд үйлчлэхгүй гэсэн зарчим үйлчилж буй өнөө цагт төрийн албаны ёс зүй ярих нь утгагүй

  • УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг батлаагүй байгаа нь парламент нийтээрээ ёс зүйгүй байгааг илэрхийлсэн том баримт юм

“Хүрээний булайг дэлгэвэл далай, далай” гэгчээр манай парламентын гишүүдийн нэр холбогдсон хэрэг явдал, хэрцгий үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Тэднийгээ хамгаалах гэсэн парламентын оролдлого ч хэм хэмжээнээс халиад олон нийтэд булайгаа дэлгэсээр байна. Өнөөгийн парламент өмнөхөөс долоон дор болсныг ганц баримт дурдахад л төвөггүй тодорхойлно.

2016 онд байгуулсан өнөөгийн УИХ Д.Гантулга, Д.Мурат, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Н.Номтойбаяр нарын найман гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцсэн нь ёс зүй дордсны тод жишээ. Тэдний хоёр нь садар самуун, бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож гишүүн Д.Гантулга хүчингийн хэргээр ял авсан бол таван гишүүн ЖДҮХС-гаас албан тушаалаа урвуулан ашиглан зээл авсан, нэг нь танхайн хэргээр ял, шийтгэл хүлээхэд ойрхон байна.

Энэ бол төрийн түшээд ёс зүйн хувьд доод хязгаартаа тулж, ялзарсныг илтгэж байна. Өмнө нь парламентын танхимд салаавч үзүүлдэг, шанаадаж унагадаг зэрэг ёс зүйн доголдолтой нөхөд байсныг үгүйсгэхгүй ч өнөөгийн парламентын гишүүдийн үйлдэл тэдэнтэй харьцуулшгүй булай юм. Үүн дээр ёс зүйгүй үйлдэл бүрийг парламентаараа хаацайлдаг явдал уламжлал болж, булайн дээр балай жишиг тогтоож байгаа нь ч төрийн гутамшиг боллоо.

Ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсоныг нотлох баримттай нь танилцуулж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавиад байхад л парламентын дархлааг хадгалах нэрээр хөөрхийлж авч үлддэг нь ёс зүйн бас нэг доголдол.

Хууль зөрчин байж гишүүний эрхийг хамгаалах гэдэг нь угаасаа шударга бус үйлдэл юм. Энэ мэт төрийн түшээгийн ёс зүй алдагдсанаар монголчуудын ёс зүйн хэмжүүр улам доошилж байгааг нэгэн харьцуулалтаар илэрхийлье.

Урьд нэгэнтээ төрийн томилолтоор хөдөөг зорьсон сайд эр эмэгтэй сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлж, шөнө мөлхсөнийхөө төлөөсөнд нийгмийн жигшил, зэвүүцлийг хангалттай хүртсэн. Тэр үйл явдлын өрнөл нэг ёсондоо төрийн хүний ёс зүйн хязгаар хаана хүрэхийг тухайн үед тодорхойлсон юм л даа.

Гэтэл өнөөдөр төрийн түшээгээр ажиллаж байхдаа хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс ял авсан нэгэн давж заалдах бичиг бариад гэмээ цайруулж, нүглээ “тэглэхээр” хөөцөлдөж явааг хэн ч шүүмжлэхгүй байна. Энэ бол ёс зүйн хэмжүүр хэр доошилсны тод илрэл биш гэж үү.

Мөн сүүлийн үед УИХ-ын гишүүдийг казинод орсныг зөвтгөх үг, үйлдэл, тэднийг буруутгах өнцөгтэй тэнцэж байгаа нь нийгэм дэх ёс зүйн хэмжүүр доошилсныг баталж байна. Хувь хүн казинод орж болохгүй гэсэн хууль, журам байхгүй ч төрийн түшээ төсвийн хөрөнгөөр гадаадад хуралд очоод казинод орох нь ёс зүйн доголдол мөн.

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч казино тоглохыг хориглосон ч тэнд орж сонирхохыг хязгаарлаагүй нь хуулийн цоорхой болжээ. Тиймдээ ч “казинодсон” УИХ-ын гишүүд тоглоогүй учир хариуцлага хүлээхгүй гэдгийг тооцоолж, сонирхсон, судалсан гэх тайлбараар улс төрд “амиа” авч үлдлээ.

Харамсалтай нь тэдний “арьсаа” хамгаалах үйлдэл төрийн албаны ёс зүйд бас нэгэн гажиг жишиг тогтоохыг гишүүд ухаарсангүй. Үүнээс хойш жирийн төрийн албан хаагч казинод орсон ч тоглосон нь нотлогдохгүй л бол ямар ч шийтгэл ёс зүйн хариуцлага хүлээхгүй гэсэн “барьцаа” бий болов.

УИХ-ын гишүүдийн ёс зүй, үг, үйлдлийн зааг хязгаарыг холбогдох хууль, дүрэмд тодорхой тусгаагүйгээс ямар ч хэрэг тарьж мэдэхийг жудаг “үнэртүүлсэн” ганц гишүүн нь анхааруулж байв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “2016 оны УИХ-ын сонгуулиар 40 гаруй шинэ гишүүн, тэр дундаа залуучууд их сонгогдлоо.

Тиймээс намын бүлэг залуу гишүүддээ анхааруулах үүднээс ёс зүйн сургалт явуулах ажлыг хийх ёстой” хэмээж байсан юм шүү. Ёс зүйн зарчимдаа “толгой бөхийдөг” япон улстөрчид болон хүний хөгжлөөр тэргүүлэгч бусад орны парламентын гишүүдийн дэргэд манай төрийн түшээдийн ёс зүйн зарчим “ичмээр дамшиг” л даа. Манай парламент өнөөг хүртэл УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг батлаагүй байгаа нь парламент нийтээрээ ёс зүйгүй байгааг илэрхийлсэн том баримт.

Ёс зүйн дэд хороогоо хуралдуулж чадахгүй жил, сар дамждаг байдалтайгаа УИХ-ын дарга эвлэрсэн нь спикерийн ёс зүйн зарчмыг тодорхойлох бодит дүгнэлт билээ. Ядаж л парламентын гишүүнд иргэдийн нэгэн адил Зөрчлийн хуулиар торгууль, шийтгэл оногдуулах эрх зүйн үндсийг “тарьчихгүй” л байгаа юм.

УИХ-ын дэгийн тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байхад Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн заалт бий. Нийгмийн хэв журам, замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд энгийн иргэнд торгохоос эхлээд 30 хоног саатуулах хүртэл шийтгэл оногдуулдаг бол УИХ-ын гишүүнд хуулийн энэ заалт үйлчлэхгүй. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс нааш шийтгэл оноож болохгүй гэсэн агуулгад хамаарах энэ гажуудал иргэн бүр тэгш байх зарчимд ч харшилж байгааг дурдахад илүүдэхгүй. 

Өнөөдөр Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин өрөөндөө утаа суунаглуулж суудаг гишүүд парламентад хэд хэд бий. Засгийн газрын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд ч тэр байдалтай нь эвлэрчихсэн далдлан нууж, дал мөрөө алгадаад явж байгаа дүр зураг бишгүй олон.

Угтаа гишүүн, сургуулийн багш хоёр адилхан төрийн албан хаагч гэж үзвэл ялгалгүй торгууль төлж, ёс зүйн хариуцлага хүлээх учиртай. “Нийгэмд шударга ёс тогтооё гэвэл энэ танхимаас эхлэх ёстой” гэсэн прокурорын үг парламентын ёс зүйн ялзралыг тодорхойлсон бодит дүгнэлт юм.

Б.Гарьд 

Засгийн газрын мэдээ сонин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.