АНУ-ын Зэвсэгт хүчний албан хаагч Хойд Солонгосын хилийг даван зугтжээ

Twitter Print
2023 оны 07-р сар 19-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын шоронд 2 сар ял эдлээд эх өнгөрсөн даваа гарагт орон руугаа буцах гэж байсан АНУ-ын Зэвсэгт хүчний байлдагч Трэвис Кинг гэгч хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд аяллын групптэй зочлох үеэрээ Хойд Солонгосын хилийг даван зугтжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчнээс байлдагч Трэвис Кингийг эх оронд нь очсон хойно цэргийн ёс зүйн журам зөрчсөн хэргээр шийтгэл оноож, цэргийн албанаас халахаар төлөвлөж байсан аж. Трэвис Кингийг АНУ руу нисгэхээр БНСУ-ын нисэх онгоцны буудалд хүргэсэн ч тэрээр онгоцны буудлаас гарч, хоёр Солонгосын хил дээрх Панмунжом тосгон руу хийдэг аялалд бүртгүүлсэн байжээ.

Сөүлээс мэдээлснээр Трэвис Кинг Панмунжом тосгонд хийж байсан аяллынхаа үеэр Хойд Солонгосын хилийг давсан ба тухайн үед тэнд байсан хүмүүс түүнийг санаатайгаар хил давсан хэмээн ярьсан байна.

Пентагоноос зарласан хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Хойд Солонгосын хилийг давсан АНУ-ын зэвсэгт хүчний албан хаагч Хойд Солонгосын талд баривчлагдсан байх өндөр магадлалтай болохыг мэдэгджээ. Тэрээр, "Бид үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, сайтар шалгаж байна." хэмээн мэдэгдсэн байна.

CBS сувгийн мэдээлснээр Трэвис Кингийг хил давах үед ойр хавьд нь Хойд Солонгосын цэргүүд байгаагүй ба коронавирусын цар тахал гарснаас хойш тухайн хэсэгт Хойд Солонгосын цэргүүд хамгаалалтанд зогсохоо больсон аж.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан Пьерийн мэдээлснээр Вашингтон уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Пхеньянтай ажиллаж байна хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн департаментын зүгээс "баривчлагдах, удаан хугацаагаар хоригдох өндөр эрсдэлтэй учраас" АНУ-ын иргэдийг Хойд Солонгос руу нэвтрэхгүй байхыг анхааруулсан байна.

Өмнөд Солонгос болон Америкийн иргэд Хойд Солонгос руу зугтсан тохиолдол ховор бөгөөд 1950-1953 онд болсон Солонгосын дайны үеэр Хойд Солонгосын 30 мянга гаруй иргэн улс төрийн дарамт хавчлага, эдийн засгийн хямрал зэргээс дайжиж Өмнөд Солонгос руу дүрвэж байв.

Түүнээс гадна коронавирусын цар тахал эхэлснээс хойш Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу дүрвэгсдийн тоо огцом буурсан юм.

Панжунжом тосгон нь хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд байгуулагдсан бөгөөд НҮБ-ын албан хаагчид болон Хойд Солонгосын цэргүүдийн хамгаалалтанд байдаг тус бүсэд хэн ч амьдардаггүй. БНХАУ-аас Хойд Солонгос руу нэвтэрсэн Америкийн хэд хэдэн иргэнийг тагнуулын хэргээр баривчилсан тохиолдлууд байгаа ба хоёр орны хэлэлцээрийн үр дүнд тэдгээр иргэдийг сулласан билээ.

Хамгийн сүүлд 2018 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёрын хэлэлцээрийн үр дүнд Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын 3 иргэн суллагдсан юм. Уг үйл явдлаас өмнө Хойд Солонгост 17 сарын турш хоригдсон Отто Уормбир 2017 онд комд орсон байдалтай эх орондоо эргэж ирээд удалгүй нас барсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.