НИТХ-ын төлөөлөгч ямар бүрэн эрх хэрэгжүүлдэг вэ

Twitter Print
2020 оны 10-р сар 15-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр болоход сар гаруйн хугацаа үлджээ. Аравдугаар сарын 15-ны өдөр иргэд өөрсдийн сум, дүүргийг төлөөлөх хүмүүсийг сонгоно. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг энэ удаа мажоритар тогтолцоогоор явуулах бөгөөд Нийслэлийн орон нутгийн сонгууль 45 мандаттай. Мандатын тоог тухайн дүүргийн хүн амын тоо, газар нутгийг харгалзан тогтоосон. Нийт 23 тойрог байгаа бөгөөд Багахангай дүүргээс бусад бүх тойрог хоёр мандаттай.

Одоогийн байдлаар МАН 45, ХҮН 27, АН, МАХН хамтран 45 нэр дэвшигчээ зарлаад байна. Албан ёсоор эвсэл болоогүй боловч АН, МАХН, ШИНЭ нам хамтран энэ удаагийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл эдгээр нам хамтран МАН-ын эсрэг өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм.

Энэ удаад сонгогдох 45 төлөөлөгч ямар бүрэн эрхийг хэрэгжүүлдэг болохыг хуульд хэрхэн заасныг хүргэж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлд сум, дүүргийн Хурлын бүрэн эрхийг заасан байна.

Ингэхдээ нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжил, орон нутгийн өмчийн талаар бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй.

Харин дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхээр тусгажээ.

ХЯЗГААР ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН ТАТВАР, ТӨЛБӨР ТОГТООХ ЭРХТЭЙ

Нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар:

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.10, 9.11-д заасны дагуу Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд санал өгөх;

  • Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах;

  • орон нутгийн төсвийн бус орлогоор хөгжлийн сан байгуулах, уг сангийн эх үүсвэр, зориулалтыг тогтоох, сангийн хөрөнгийн зарцуулалтын журам, тайланг батлах;

  • тухайн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф үндэслэлтэй эсэхийг хянах, журам тогтоох;

  • хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;

  • нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотын таван жилийн үндсэн чиглэл, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн болон хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

  • бүс нутгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй хамтран ажиллах тухай гэрээ, хөтөлбөр, бусад баримт бичгийг батлах;

  • нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах;

  • нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх;

  • тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх;

ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛУУЛАХ, ЧӨЛӨӨЛӨХ САНАЛ ГАРГАХ ЭРХТЭЙ

Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар:

  • Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал;

  • Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх;

  • тухайн Хурлын хороо, түр хороо байгуулах, түр хороог татан буулгах, хорооны дарга, бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх, ажлынх нь тайланг хэлэлцэх;

  • Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах;

  • сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;

  • тухайн Хурлын төлөөлөгчөөс Засаг даргад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай бол зохих шийдвэр гаргах;

  • тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох;

  • хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгааг шалгах, үнэлгээ өгөх;

  • хууль тогтоомжийн хүрээнд Хурлын төсвийг батлах.

ОРОН НУТГИЙН НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ӨМЧИД ХАМААРАХ ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТЫГ БАТЛАХ ЭРХТЭЙ

Орон нутгийн өмчийн талаар:

  • орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;

  • орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

  • орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах;

  • орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн тогтоох;

  • орон нутгийн өмчийн эд хөрөнгийг нийтийн зориулалттай өмчид, эсхүл өөр өмчид шилжүүлэх журмыг тогтоох;

  • орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, хувьцааны өөрт ногдох хувийг тодорхойлох, түүнчлэн тухайн орон нутгийн төсвийн хөрөнгө, бэлтгэл нөөц, бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох;

  • орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах;

  • орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгөөс бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;

  • орон нутгийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх журам, төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалт, цалин хөлсний норм, нормативыг тогтоох;

  • орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг зохион байгуулах;

  • орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бий болгох талаар тухайн Хурлаас Засаг даргад олгох эрх хэмжээг тогтоох, хяналт тавих;

  • орон нутгийн өмчийн төлөөлөгчийн эрх хэмжээ, ажиллах журмыг тогтоох хэмээн заажээ.

Хурал, Тэргүүлэгчид, Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь тухайн нутаг дэвсгэр дэх байгууллага, албан тушаалтан бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэйг ч мөн хуульд заасан байна.

Түүнээс гадна Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгахыг хуульчилсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.