Хятадын эрх баригчид цар тахлын эсрэг арга хэмжээнүүдээ сулруулж эхэлжээ

Twitter Print
2022 оны 12-р сар 05-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Хятадын томоохон хотуудад тэр дундаа Шиньжаан мужийн Өрөмч хотод өнгөрсөн ням гарагт цар тахлын эсрэг арга хэмжээгээ сулруулж эхлэхээ мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн турш Хятадын томоохон хотуудад иргэд эрх баригчдын баримталж буй цар тахлын эсрэг бодлогыг эсрэгүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулсан билээ.

Иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн анх өрнөсөн Өрөмч хотод энэ даваа гарагаас эхлэн их дэлгүүрүүд, зах худалдааны төвүүд, зоогийн газрууд олон сарын дараа ахин үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа сэргээхээр болжээ.

Энэ долоо хоногт эсэргүүцлийн ямар нэг жагсаал цуглаан өрнөх төлөвгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт эсэргүүцлийн жагсаал цуглааны өрнөсөн Бээжин болон Шанхай хотын гудамжнаа цагдаагийн нэмэлт хамгаалалт гаргасан байна.

Өнгөрсөн сард Өрөмч хотод орон сууцны барилгад гал гарсны улмаас олон хүний амь эрсдсэн билээ. Иргэд тус орон сууц хөл хорионд байсны улмаас хүмүүс амиа алдсан хэмээн эрх баригчдыг мөн коронавирусын цар тахлын эсрэг бодлогыг буруутган, эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнүүлсэн нь их газрын Хятадын хувьд ховор тохиолдол байлаа.

Уг явдлаас хойш Хятадын хотууд ар араасаа цар тахлын эсрэг хязгаарлалтуудаа цуцалж байгаагаа мэдэгдсэн юм.

iPhone гар утасны хамгийн том үйлдвэр байрлах Жэньжоу хотод иргэд нийтийн тээвэр, таксинд суухдаа мөн олон нийтийн газар орохдоо коронавирусын шинжилгээнийхээ хариу үзүүлэх шаардлагагүй болжээ.

Түүнчлэн караоке, гоо сайхны газар, интернет кафе зэрэг үйлчилгээний байгууллагууд нээгдэж байгаа ба иргэд тэдгээрээр үйлчлүүлэхийн тулд 48 цагийн дотор коронавирусын шинжилгээ өгсөн байх ёстой аж.

Шанхай хотод энэ даваа гарагаас мөн адил нийтийн тээвэрт сууж, цэцэрлэгт хүрээлэн руу орохын тулд коронавирусын шинжилгээ өгөх шаардлагагүй болжээ. Наннинь, Ухань хотуудад метронд суухад коронавирусын шинжилгээ шаардахгүй болж байгаа гэжээ.

Түүнчлэн Гуанжоуд коронавирусын халдварын үинж тэмдэг илрээгүй бол шинжилгээнд заавал хамрагдах шаардлагагүй болсон бол Бээжинд халууны, ханиалганы болон хоолойн эм авахад заавал бүртгүүлэх албагүй болсон байна. Бээжингийн зарим дүүрэгт коронавирусын халдвартай гарсан иргэдийг гэртээ тусгаарлахыг зөвшөөрч эхэлсэн байна.

Өнгөрсөн ням гарагт БНХАУ-д коронавирусын халдварын 31 824 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдийнхээс буурсан үзүүлэлт бөгөөд эрх баригчдын мэдээлснээр халдварын тархалт сулрах хандлагатай байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.