Цэнхэрийн халуун рашааны усанд өндөг чанаж болдог

Twitter Print
2020 оны 07-р сар 13-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Дотоодын аялагч амрагч нартаа зориулж, мөн нүүр номын нэгэн найзын хүсэлтээр Цэнхэрийн халуун рашааны тухай мэдээлэл оруулж байна.

Цэнхэрийн халуун рашаан: Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Цэцэрлэг хотоос урагш 30км орчим зайд байдаг. Далайн төвшнөөс дээш 1860 метрт өргөгдсөн, аглаг ой бүхий уулын бэлд оршдог. Халууныхаа үзүүлэлтээр Монголд хоёрдугаарт ордог ба газрын гүнээс секундэд 10 литр хүртэл ундран гардаг рашаан юм. Дөрөвдөгч галавын үед үүссэн гэж эрдэмтэд үзсэн бөгөөд хөрсний устай холилдохгүйгээр 86 хэмийн халуунтайгаар ундардаг.

Хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулдаг шүлтлэг рашаан бөгөөд эрт дээр үеэс тус рашааныг эмчилгээнд ашиглаж байсан ул мөр ойр орчмоос нь олддог байна. Хуян хөөрөх, мэдрэлийн судас үрэвсэх, булчин чангарах өвчин, үе мөчний өвчин, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэлд тустайгаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цагаан мах эргэхийг зогсоох, цус багадалтыг хэвийн болгох, эмчилгээний дараах дархлааг сайжруулах, ядаргаа тайлах, ядаргаанаас үүдэлтэй арьсны эмгэгийг засах, ил шарх сорвийг арилгах, чихрийн шижин өвчинг засахад эерэг нөлөөтэй ажээ. Бага тунгаар уух, рашаанд тодорхой хугацаагаар орж гам барих аргуудаар эмчилдэг байна.

Тус рашаан руу явахдаа УБ хотоос Цэцэрлэг хот хүртэл 480км явж, тэндээс зүүн урагш чиглэсэн замаар 30км гаруй явбал замын бартаа гайгүй. Цэнхэрийн халуун рашаан байгаа тус бүс нутаг нь Хангайн нурууны салбар уулсад хамаарах ба ойр орчинд нь Борт тал, Гялгар, Цагаан сүм гэх мэт халуун рашааны ундаргууд бий. 

Цэнхэрийн халуун рашааны орчинд Цэнхэр жигүүр, Шивээт манхан, Дуут ресорт, Хангай ресорт, Алтан нутаг гэх мэт бааз үйл ажиллагаа явуулдаг. Бааз бүрт задгай бассейн, дотор жижиг бассейн, халуун хүйтэн устай шүршүүр гэх мэт тохижилтууд хийгдсэн байдаг ба аян замын алжаалаа тайлахаар говь хангай хосолсон олон хоногийн маршруттай гадаадын аялагчид буудаллаж түр амрахаас гадна зориуд тус рашаанд очиж амардаг дотоодын аялагч нар сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа билээ.

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.